Дэлхий дээр “Бич” үлдэх үү, “Хүн” үлдэх үү...
Дэлхий дээр амьдран буй хүн, ан амьтад өөрсдийн гэсэн эрх чөлөөт орон зайг илүүд эрхэмлэдэг. Хүмүүс нэг санаатай, нэгэн зүйлийн төлөө баг болж ажиллахад дээд цэгт нь хүрч, аливаа зүйлийн оргилд нь хүрч гарч чаддаг гэдгийг та ч би ч мэднэ.
Амьтад ч мөн адил нэгдэн тэмцснийхээ эцэст хүчирхэгжин бэхжиж дайдахад бэлэн болдог гэдгийг мэдэх үү? Тэд ч мөн адил чадна. Үүний нэгэн тод жишээ бол "Бичин гаригийн эхлэл" дэлгэцийн бүтээл.
Эрдэмтэд бичнүүдэд генетикийн өөрчлөлт хийн тэднийг судалж эхэлсэн боловч хүн төрөлхтөнд вирус тархаж мөхлийн ирмэг дээр ирдэг. Хүмүүс орох байр савгүй, ус, цахилгаангүй хотод хэсэг бүлэг хүмүүс амьд үлдэнэ. Энэ цаг мөчид Цезараар удирдуулсан генетикийн өөрчлөлттэй бичний сүрэг өдөр ирэх тусам ухаантай болж, яг л хүн шиг ярьж эхлэх нь гайхалтай гэмээр мөч.
Гэвч тэд хүмүүсийг бүгдээрээ үхээгүй харах тэр мөчөөс эхлэн "Бич", "Хүн" хоёрын дайны эхлэл ирдэг. Бүхэл бүтэн 10 гаруй жил өнгөрсөн болохоор бичнүүд хүн үлдээгүй гэдэгт найддаг. Харин тэдний эл бодол ойд хүнтэй таарснаар өөрчлөгдөж, аймшигт тулааныг эхлүүлэх үндэс нь болж тэд тайван амгалан оршин тогтож чадахгүй нь гэх айдастай нүүр тулдаг.
Хүмүүс мөн адил вирус дахин тархах вий гэж ихэд болгоомжилно. Бичнүүд ч мөн адил өөрсдийн 10 жилийн турш босгосон амьдралаа хүмүүсээр сүйтгүүлэхийг хүсдэггүй. Ойд очсон эрдэмтэд нэгэн бичийг хүний хэлээр "эндээс яв" гэж хашгирахад балмагдаж орхидог. Тэрхүү бич бол хүнтэй багаас хамт амьдарсан "Цезар" юм.
Ийнхүү хүний бүтээл өөрийнх нь эсрэг босох хүч хайрлаж, дайн хийх чадвартай болгож дэлхий дээр хүн үлдэх үү, бич үлдэх үү гэх асуулт толгойд эргэлдэнэ.
Бичнүүд яг л хүн шиг хайр дурлал, үр хүүхдээ үлдээх, эцэг эх хүүгийн хүйн холбоо гээд л...Хүн, бич хоёрын тулаанд хэн нь үлдэх бол киног үзснээр мэдэх болно. Хамгийн гол нь төгсгөлийг нь мэдэхэд, үзэхэд гол биш. Хүн төрөлхтөн хэт хөгжил, шинэ нээлт хийх гэж хэт улайрснаар юу хожих...Хүн, амьтан ойлголцож биеэндээ итгэж хайрлах...Та бүхэн киног үзээд өөр өөрсдийн дүгнэлтээ хийнэ биз ээ.