ШУУРХАЙ: Ц.Баатарсайхан газрын 30 тэрбумын татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ШАЛГАГДАЖ БАЙНА
Манай редакциас Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан 30 гаруй тэрбумын татвараас зайлсхийсэн талаар өмнө нь мэдээллэсэн.
Тэгвэл газрыг хууль бусаар хэлэлцээр хийж худалдан авсан, бусдыг залилсан, татвар төлөхөөс зайлсхийсэн, голын зурвас зөрчсөн зэрэг хэргээр шалгагдаад эхэлжээ. Өнөөдрийн байдлаар уг газрын луйвартай холбоотой хохирогчид мэдүүлэг өгөөд явж байгаа гэх.
Тодруулбал, Таванбогд группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан болон түүний гэргий Д.Хулан нар ХУД-ийн 15-р хороо буюу Төв цэнгэлдэхийн хажууд Гэрлүг-2 хотхоныг барьж буй.
Ц.Баатарсайхан нь Гэрлүг-2 хотхондоо нийт 25 давхар бүхий 10 өндөр барилга барихаар барилгын ажлаа эхлүүлжээ. Нэг барилга нь 100 гаруй тэрбумын ашиг авчрахаар төлөвлөөд буй. Өмнөх Гэрлүг-1 хотхон нь нэг барилгаас нь 100-аад тэрбумын ашиг олж байжээ.
Гэрлүг-2 хотхоныг барьж буй ажилчид нь дотроо "оффшор хороолол" хэмээн нэрлэсэн нь учиртай.
Учир нь 2024 онд “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан нь Төв цэнгэлдэхийн хажуу дах 1720610448 тоот нэгж талбарын дугаартай 4,6 га газрыг 14 ширхэг дутуу баригдсан хаусын хамт нийт 30 сая ам.доллароор худалдан авсан талаар эх сурвалж мэдээллэсэн.
Хамгийн ноцтой нь, уг газрыг худалдаж авахдаа Британийн Виржиний арлын оффшор бүсэд бүртгэлтэй "Говийн-Од" группээс 30 сая ам.доллароор худалдан авсан хэдий ч Монголд бүртгүүлэхдээ хэд дахин бага үнийн дүнгээр худалдан авсан хэмээн бүртгүүлжээ. Ингэхдээ Ц.Баатарсайхан улсад хууль журмынхаа дагуу 30 гаруй тэрбум төгрөгийн газрын татвараа төлөхөөс зайлсхийн 10 дахин бага үнийн дүнгээр худалдан авсан хэмээн худал мэдүүлсэн учраас хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа аж.
Харин оффшорт мөнгөө угааж, татвараас зайлсхийхэд нь монголын нэртэй хуульч, өмгөөлөгч нар зохицуулсан гэх бөгөөд хариуд нь өмгөөлөгч н.Лхаасүрэн, К.Жарханбек нар өндөр шан харамж авсан гэх яриа бий.
Товчхондоо, дээрх нэр бүхий хуульч нарын дэмжлэгээр “Таванбогд”-ын Ц.Баатарсайхан оффшор бүсэд бүртгэлтэй компаниас дээрх газрыг худалдан авах замаар оффшорт мөнгөө угааж, татвараас зайлсхийх замаар ил, далд хоёр гэрээ байгуулан бүтээн байгуулалтаа хийдэг болжээ.









