“Хүний амийг хороож, оршуулгын газарт булсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байна“
Хулгайн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд хүний амь насыг хохироогоод оршуулгын газрын хуучин нүхэнд булсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал сэжигтэй этгээд Ө нь энэ оны 06 дугаар сарын 02-оос 03-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан согтуурч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуух зорилгоор хохирогчийг тус дүүрэгт байх оршуулгын газарт хуучин булшны нүхэнд булсан байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Энэ оны эхний 7 дугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 102 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ бусдын амь насыг хохироосон байх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.









