Г.Отгонтамир: Хуурамч дугаар зүүх зэрэг зөрчлийг шууд илрүүлэн арга хэмжээ авч байгаа тул “цагдаа харагдахгүй бол зүгээр” гэсэн ойлголт байхгүй
2025 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн. Энэхүү зохицуулалт нь замын ачааллыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "2025 оны 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 16-ныг хүртэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор хөдөлгөөнд оролцох хязгаарлалт хэрэгжиж эхэлсэн.
Сүүлийн үед иргэд санаатайгаар тээврийн хэрэгслийнхээ улсын дугаарыг хуурамчаар өөрчилж, бусдын дугаар зүүх зөрчил нэмэгдэх болсон.
Энэ нь Зөрчлийн тухай хуулиар жолоочийн жолоодох эрхийг хасах хүртэл арга хэмжээ авах нөхцөл бүрдүүлдэг ноцтой зөрчил юм. Иймд иргэд хуулийг ухамсарлаж, хариуцлагатай байж, ийм төрлийн зөрчлөөс татгалзахыг уриалж байна.
Цагдаагийн байгууллага зөвхөн биет хяналтаар хязгаарлагдахгүй бөгөөд нийт 2606 хиймэл оюун ухаанд суурилсан телекамераар хяналт тавьж байна.
Эдгээр камер нь тээврийн хэрэгслийн маркаас эхлээд улсын дугаар, арлын дугаар, оношилгоо, татвар, даатгалын төлөлт, хурд хэтрүүлэлт, эгнээ байрлал, зөрчил гаргасан эсэх зэрэг олон үзүүлэлтийг агшин зуурт бүртгэж, задлан шинжилж буй.
Хуурамч дугаар зүүсэн, өөр тээврийн хэрэгслийн мэдээлэлтэй зөрчил илэрсэн тохиолдолд шууд илрүүлэн арга хэмжээ авч байгаа тул “цагдаа харагдахгүй бол зүгээр” гэж хөдөлгөөнд оролцох боломжгүй.
Энэ жилийн тэгш, сондгой хязгаарлалт нь өмнөх жилүүдийн адил бүсчлэл тогтоохгүйгээр, нийслэлийн төвийн 6 дүүрэгт (Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан) ижил жигд үйлчилж байгаа юм. “Тиймээс иргэд маань бүсчлэл байгаа эсэх талаар эргэлзэх хэрэггүй. Нэгэн жигд зохицуулалт төвийн бүх дүүрэгт хамаарч байгаа тул заавал анхаарч мөрдөх шаардлагатай” хэмээлээ.









