Дүүргүүдийн телекамерын хяналтын дэд төвүүдэд цагдаагийн алба хаагчдыг 24 цагаар ажиллуулж эхэллээ
2025 оны 6-р сард Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг хамарсан “Теле камерын хяналтын нэгдсэн төв” ашиглалтад орж, хиймэл оюун ухаанд суурилсан системийн тусламжтайгаар замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг болсон. Энэ шинэчлэл нь нийслэл хотын замын хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэлийн бууралт, гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт, иргэдийн амар тайван орчныг бүрдүүлэхэд томоохон дэвшил авчирч байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (НЦУГ)-аас дүүргийн харьяаллын дагуу нэгдсэн удирдлага, зохион байгуулалттай дэд төвүүдэд алба хаагчдыг ажиллуулж, 24 цагийн турш хяналт тавин гэмт хэрэг үйлдэгдэж байгаа газрыг шууд телекамераар хянаж, эргүүлийн багийг газар дээр нь түргэн шуурхай ажиллуулж эхэлжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 1, 2-р хэлтсийн алба хаагчид телекамерын хяналтын нэгдсэн дэд төвд ажиллаж, иргэдийн дуудлага мэдээллийг нэг төвд хүлээн авч, хамгийн ойр байгаа авто эргүүлийг газар дээр нь илгээж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 2-р хэлтсийн дэд дарга Г.Шийрэвням "“Телекамерын хяналтын дэд төв ажилласнаар цагдаагийн байгууллага иргэдэд хурдан, чирэгдэлгүй үйлчилж, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох боломжтой болсон" гэв.
Сонгинохайрхан дүүрэг (СХД)-ийн хэмжээнд нийт 43 хороог хамарсан дэд төв байгуулагдаж, Цагдаагийн 1, 2, 3-р хэлтсүүд хамтран ажиллаж байна.
СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга М.Цэдэн-Иш: Иргэдээс ирж буй дуудлагыг нэгтгэн хүлээн авч, хамгийн ойр байгаа 21 авто эргүүлийн аль нэгийг чиглүүлж, 5-10 минутын дотор очиж үйлчилж байна. Энэ нь цагдаагийн байгууллагын үйлчилгээний чанар, иргэдийн итгэлийг нэмэгдүүлж байна. Дэд төв нь 1 ахлах, 3 мэдээлэл хүлээн авагч, 21 чиглэлийн авто эргүүл бүхий 21 автомашинтай 42 алба хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага, ажиллагааны хэлтсийн бүсийн ахлах зохицуулагч Б.Өгөөмөр-ийн мэдээлснээр, зөвхөн 2025 оны 8-р сарын 25-ны өдрийн өглөөний 05 цагаас өдрийн 14 цаг хүртэл СХД-д нийт 88 дуудлага мэдээлэл ирснээс:
- 6 нь гэмт хэргийн шинжтэй,
- 6 нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй,
- бусад нь зөрчлийн шинжтэй дуудлагууд байжээ. Эдгээр мэдээлэлд үндэслэн авто эргүүлүүдийг шуурхай чиглүүлж, хэргийн газрын үзлэг хийж, хяналт тавин заавар, зөвлөмж өгч ажиллаж байна гэлээ.
Цагдаагийн байгууллагаас телекамерын хяналтын дэд төвийн үйл ажиллагааг улам жигдрүүлж, хүний нөөц, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн, камерын системийг өргөтгөж, нэгдсэн төвтэй холбох зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү шинэчлэл нь иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ хүргэх, нийслэлийн аюулгүй байдлыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах урт хугацааны бодлогын чухал хэсэг хэмээн албаны эх сурвалжууд онцолж байна.









