SUNRICE будааны баяр Сүхбаатарын талбайд энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болж байна
Японы Нийгата мужийн ургацын талбайгаас монгол хэрэглэгчдэд шинэхнээрээ ирдэг SUNRICE будааны баяр Сүхбаатарын талбайд энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болж байна.
Одоогоос 12 жилийн өмнө MJ партнерс ХХК-аас Монголын хэрэглэгчдэд зориулан Нийгата мужийн шинэхэн цагаан будааг шууд хүргэхээр “нарны будаа” төслөө хэрэгжүүлж эхэлжээ.
Нийгата мужийн хувьд цагаан будаа нь дэлхийд нэртэй будааны сорт, төрлөөрөө алдартай аж. Цагаан будаа нь хальстайгаа байхдаа амт чанар, эрдэс бодис, шим тэжээлээ хадгалдаг байна.
Тэгвэл Нийгата мужаас тухайн жилийн шинэ ургац болох хальслаагүй цагаан будааг Монголд импортлон, үүний дараа цайруулан хэрэглэгчдийн гарт шууд хүргэдэг тул зөөлөн амттай, том ширхэгтэй, гялтганасан цагаан будааны амтыг Монголчууд хэдийнэ хэрэглэдэг болжээ.
Эдгээр өдрүүдэд Sunrice цагаан будааны баярыг тохиолдуулан Нийгата мужийн захирагч Ханазүми Хидэё сан манай улсад зочлоод байгаа юм.
Тэрбээр “Өнөөдрийн үйл ажиллагаа манай хоёр орны найрсаг хамтын ажиллагаанд ч мөн чухал ач холбогдолтой. Бид боловсролын салбарт, тэр дундаа залуучууд хоорондын харилцаа, соёлын солилцоог өргөжүүлэхээр төлөвлөж байна. Монгол улсад хоёр дахь удаагаа зочилж байна. Энэ удаагийн гол зорилго нь мөн Нийгата мужийн цагаан будааг монголын хэрэглэгчдэд шинээр хүргэж ирсэний 12 жилийн ой, будааны баярт оролцох явдал юм” хэмээн онцоллоо.
Сүхбаатарын талбайд болсон арга хэмжээний үеэр SUNRICE цагаан будаагаар хоолоо хийдэг япон ресторануудын хоол үйлчилгээ, япон соёлын төвүүдийн танилцуулга, госплэй уралдаан, open mic, battle dance гээд олон сонирхолтой үзүүлбэрүүд боллоо. Мөн цагаан будааны баяраа тохиолдуулан SUNRICE цагаан будааг үйлдвэрийн үнээр нь болон хальстай будааг шууд цайруулан худалдаалж байлаа.









