Тансаг зэрэглэлийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 6.6 сая төгрөгөөс эхэлнэ
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлал /ҮХЭХЗ/-ын тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудаас Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсэн тайланд энгийн орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ 3.8 сая, тансаг зэрэглэлийнх нь 6.6 сая төгрөг байна.
Эдгээр байгууллагын худалдсан, худалдан авсан үл хөдлөх хөрөнгийн (ҮХЭХ)-ийн талбайн 82.5 хувийг газар, 14.8 хувийг орон сууц, 1.7 хувийг арилжааны , 1 хувийг зориулалтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудаар дамжуулан худалдан борлуулсан үнийн дүнгийн 87.7 хувийг орон сууц эзэлжээ.
Борлуулсан орон сууцны хувьд
- 50-иас доош м.кв бүхий нь 20 хувийг,
- 51-100 м.кв хүртэлх нь 45.1 хувийг,
- 101-ээс 200 м.кв хүртэлх нь 20 хувийг,
- 201 м.кв-аас дээших нь 14 хувийг эзэлж байна.
Мөн түрээслэх, түрээслүүлэх үйлчилгээний ҮХЭХ-ийн талбайн 64.9 хувийг орон сууц, 26.3 хувийг арилжааны, 6.2 хувийг үйлдвэрлэлийн зориулалттай ҮХЭХ, 2.6 хувийг газар эзэлжээ.
Түрээслэх, түрээслүүлэхэд зуучлуулсан орон сууцны хувьд 50-иас доош м.кв бүхий нь 17.1 хувийг, 51-100 м.кв хүртэлх нь 33.5 хувийг, 101-200 м.кв хүртэлх нь 23.1 хувийг, 201 м.кв-аас дээших нь 25.8 хувийг эзэлсэн байна.
Тусгай зөвшөөрөлтэй ҮХЭХЗ-ын 303 байгууллага 2025 оны 2 дугаар улиралд үйл ажиллагаа явуулж байгаа нь өнгөрсөн оныхоос наймаар багасжээ. Салбарын нийт хөрөнгө 225.5 тэрбум төгрөг байгаагийн 167.5 тэрбум нь эргэлтийн, 58 тэрбум төгрөг эргэлтийн бус хөрөнгө юм.
Эх үүсвэрийн 181.2 (80.4 хувь) тэрбум төгрөг нь өр төлбөр, 44.3 (19.4 хувь) тэрбум төгрөг нь эздийн өмч бөгөөд нийт хөрөнгийн 71.9 хувийг 15 компани, 28.1 хувийг 288 компани бүрдүүлжээ. Нэг байгууллага дунджаар 1 брокер, 4 агенттай ажиллаж байна.









