Яллагдагчаар татагдсан “Говь“ ХК-ийн Б.Амарсайханыг ирэнгүүт нь цагдан хорино
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Cante” шөнийн цэнгээний газрын гадна долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан “GEM” группын эзэн, Улсын гарди Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар иргэн С-ыг бүлэглэн зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
Улмаар Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир нарыг яллагдагчаар татагдан, нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан. Харин зодооны хэрэгт холбогдсон Б.Амарсайханыг яллагдагчаар татсан ч улсын хилээр гарч явсан тул интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий.
Тэгвэл яллагдагчаар татагдан, цагдан хоригдож байсан УИХын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэлийг суллах шийдвэрийг шүүх гаргасан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй.
Харин Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нартай холбоотой прокурор болон өмгөөлөгчөөс ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа аж.
Мөн "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан одоогоор гадаадад амьдарч байгаа бөгөөд ирэнгүүт нь цагдан хорино.
Эргэн сануулахад, Интерполоор дамжуулан эрэн сурвалжлагдаж буй “Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, "Говь" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан өнгөрсөн сарын 27-нд Монголд ирэх ёстой байсан. Тэрбээр хуулинханд энэ сарын 27-нд буцаж ирнэ гэж мэдэгдсэн байдаг ч одоог хүртэл ирээгүй тул оргон зайлсан байж болзошгүй гэж үзэн түүний Гадаад паспортыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Хамгийн сүүлд Б.Амарсайхан нь буцаж ирэлгүй дахин өөр улс руу нисчээ гэх мэдээлэл бий.









