Б.Ганбаатар: Оросуудаас тоног төхөөрөмж,сэлбэг авъя гэхээр “үйлдвэрлэхээ больсон“ гээд биднийг ШООЛЖ байна
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг эрчим хүчний салбарын хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
"Эрчим маш" ХХК-ийн захирал Б.Ганбаатар “Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн эрчим хүчний салбарт засварын ажил хийхэд маш хүндрэлтэй байна. Ажил хийсэн биш алдагдалд ороод байгаа. Яагаад гэхээр төсөв бага, хөрөнгө муу.
Цаашид яах вэ. Одоо ажиллаж байгаа станцууд тоноглол нь хуучирчихсан, ЗИЛ-130 машинаас өмнөх үеийн тоноглолтой шүү дээ. Ийм тоноглолыг оросууд хийхээ больчихсон, асуухаар өмнөөс шоолдог.
Сэлбэг авъя гэхээр манайх ийм юм хийхээ больсон гэдэг. Бид гуйж, царай алдаж байж 3 дахин өндөр үнээр сэлбэг авч, засвар хийдэг.
Станцуудыг шинэчлэхгүй бол үнэндээ л болохгүй байна. Эдгээр хуучин технологиос болж эрчим хүчний салбар ч маш их алдагдал хүлээж байна. Зууханд 100 вагон нүүрс өдөрт түлдэг бол шинэ технологи, станцтай болчихвол өдөрт 50 вагоныг түлнэ шүү дээ. Гэтэл станц шинэчлэх хөрөнгийг улс гаргаж өгөхгүй байгааг гайхаад байна.
Сая "ДЦС-III"-ын нэг турбин дэлбэрлээ. Энэ дутуу завсартай, шаардлагатай сэлбэг материал одоогүйтэй холбоотой техникийн шалтгаан. Ингээд л яваад байх юм уу, энэ өвөл хасах 40 градус хүрвэл хөлдөнө.
Тиймээс эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарах хэрэгтэй байна. Энд төсөв мөнгө хэрэгтэй гэж ярьж, ярьчхаад УИХ-д очоод хасаад хаячихдаг.
Станц барина гээд ирээдүйг 20-30 жил ярилаа. Өнөөдрийг ярьж одоо байгаа станцуудаа шинэчлэхгүй бол болохгүй шүү дээ. Энэ хэвээр байвал хөлдөнө шүү" гэв.









