УЕПГ Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрууд ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР байгуулав
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Вьетнам Улсын ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен нар хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, авлига, албан тушаал, цахим залилан болон үндэстэн дамнасан зохион байгуулалтай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх талаар харилцан туршлага судлах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий прокурорууд Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар хоорондын 2026-2027 онд хэрэгжүүлэх “Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү хөтөлбөрийг баталснаар прокурорын мэргэжлийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн шинэчлэл, өөрчлөлтийг нэвтрүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, авлигатай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө буцаан авах ажиллагааны талаар мэдээлэл солилцох, прокуроруудыг мэргэшүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах нөхцөл бүрдэж, энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарах болно гэдгийг талууд онцолсон юм.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиен энэхүү айлчлал хоёр улсын прокурорын байгууллага хоорондын найрсаг харилцааг шинэ түвшинд гаргах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж байгаа Монгол Улсын ерөнхий прокурорт талархал илэрхийлэн прокурорын байгууллагын “Хүндэт зочны дэвтэр”-т сэтгэгдэл бичиж үлдээлээ.
Монгол Улсад айлчилсан БНСВУ-ын Ардын дээд прокурорын газрын ерөнхий прокурор Нгуен Хүй Тиенийг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар тус тус хүлээн авч уулзав.









