Маргааш Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна
Орхон/Хархорин, Өлзийт, Орхонтуул/ Байдраг/Баянбүрд/ голууд үерийн түвшнийг 5-20 см-ээр даван үерлэж байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр/Цагаан-Үүр/ гол, Хэнтий нуруунаас усжих Туул/Босгын гүүр/, Хэрлэн/Мөнгөнморьт/, Орхон/Сүхбаатар/, Хануй/Баян-Агт/, Эг/Батширээт/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см тус тус нэмэгдсэн байгаа юм байна. Мөн маргааш буюу 26-ны өдөр Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.
26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа юм байна. Иймд хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүйг анхаарууллаа. Иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөлөө.









