Гаалийн байгууллага эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдаа шагналаа
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Гаалийн байгууллага энэ оны эхний хагас жилийнхээ ажлаа дүгнэж, идэвх зүтгэл гарган ажилласан нийт 140 гаруй албан хаагч, ахмад ажилтныг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Гаалийн албаны тэргүүний ажилтан”, Сангийн яамны “Жуух бичиг”-р тус тус шагнасныг Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, Дэд дарга Г.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Хосбаяр нар гардуулан өглөө.
ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал шагнагдсан нийт албан хаагчдад хандан цаашид ажлын ололт, амжилтаа улам бататгахын зэрэгцээ, эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад мэргэжлийн өндөр, ур чадвар гарган хичээнгүйлэн ажиллана гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ. Мөн алба хаагчдад дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсээд нийт гаальчид, ахмад ажилтнууд, тэдний гэр бүлд баяр, наадмын мэндчилгээ дэвшүүллээ.









