ИТГЭМЖЛЭЛ: “Барилгын материал-Тохирлын үнэлгээ-Итгэмжлэл” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 7 сарын 08

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы санаачлагаар “Барилгын материал-Тохирлын үнэлгээ-Итгэмжлэл” сэдэвт хэлэлцүүлэг 2025 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Налайх дүүрэгт, Налайхын үйлдвэрлэл технологийн паркийн төв байранд амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг Шадар сайдын ажлын алба, Хот байгуулалт, барилга, орон сууцны яам, Үндэсний итгэмжлэлийн төв, Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК, Барилгын хөгжлийн төв, тус төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний төв лаборатори болон холбогдох оролцогч талууд хамтран зохион байгуулсан юм.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэл, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын шийдлийн талаар холбогдох байгууллагууд илтгэл, мэдээлэл хийж, санал солилцлоо.

Онцлох илтгэлүүд:
  • Хот байгуулалт, барилга, орон сууцны яамны Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг

Барилгын материалын үйлдвэрлэлд мөрдөх бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж, тохирлын гэрчилгээний тогтолцоог найдвартай байлгах, БМҮ эрхлэх тусгай зөвшөөрлийг цаашид цомхотгох, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, холбогдох хуулиудад орсон өөрчлөлтүүдийг танилцуулсан.

  • Налайхын үйлдвэрлэл технологийн парк ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Раднаабазар

Үйлдвэрлэл технологийн паркийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөнгөлөлт, дэмжлэгийн эрх зүйн орчин, шаардлагатай дэд бүтцийн ажлуудыг танилцуулж, стандартын шаардлагад нийцсэн үйлдвэрлэл эрхлэх, “Ногоон хөгжил, Стандартыг хангасан үйлдвэрлэл” зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чухалчиллаа.

  • Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн дарга Т.Баасанцогт

2025 оны эхний хагас жилийн статистик мэдээлэл, лабораторийн үйл ажиллагаа, шинжилгээний хамрах хүрээ, лабораторийн чадавхыг танилцуулж, цаашид орчин үеийн технологи, итгэмжлэлийн шаардлагад нийцсэн лабораторийн сүлжээг бэхжүүлэх шаардлагатайг дурдав.

  • Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ

Тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, тохирлын үнэлгээний байгууллагуудын итгэмжлэлийн бодлого, Ногоон барилга, ногоон барилгын материалын гэрчилгээжүүлэлт, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтуудыг танилцууллаа.

  • Грейтмонголиа Групп ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Өнөржаргал

Гадаадын хөрөнгө оруулалттай угсармал барилгын хэвний шинэ технологи, ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, зах зээлд нэвтрүүлэх туршлагыг танилцуулж, хуулийн заалтыг амьдралд хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолсон.

Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагын төлөөлөл оролцож, барилгын материалын үйлдвэрлэл, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664486
0 эможи

keyboard_arrow_up