Тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцлалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар тэтгэврийн зээлд тогтоосон хязгаарыг цуцалж, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ.
Тодруулбал, банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн, зургадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээжээ.
Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.









