Зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгалаа
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй обьектыг өнөөдөр албадан буулгалаа. Тодруулбал тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, ерөнхий боловсролын 40 дүгээр дунд сургуулийн хашаанд үйл ажиллагаа явуулах “Нью Капитал” ХХК-ийн “Champion” билльярд, теннисийн төв 2009 онд Баянгол дүүргийн Засаг даргын түр зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Ингэхдээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгдэх тохиолдолд газрыг саадгүй чөлөөлнө гэсэн албан бичгийг хүргүүлсэн юм байна.
Тэгвэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаар захирамж гарч 2350кв/м талбайд спорт цогцолбор барихаар болсон бөгөөд үүний дагуу “Нью Капитал” ХХК-ийг газар чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянгол дүүргээс удаа дараа хүргүүлжээ. Гэвч хүсэлтийг хүлээн авалгүй өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсаар байжээ. Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар ийнхүү албадан газар чөлөөлүүлсэн байна. Албадан газар чөлөөлөх ажилд 10 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэхүү хөрөнгийг дүүргийн Засаг даргын нөөцөөс гаргасан бөгөөд энэ ажлын дараа газар албадан чөлөөлөх үйл ажиллагааны зардлыг хариуцагч буюу “Нью Капитал” ХХК -аас гаруулах юм байна.