ИНЕГ-ын дарга Э.Төрбаяр хяналт тавиагүйгээс болж зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хүмүүс шүхрээр нислэг үйлдсээр байна
Сүүлийн жилүүдэд уулан дээрээс шүхрээр нислэг үйлдэх буюу параглайдингийг мэргэжлийн гэхээсээ илүү сонирхогчид түлхүү ажлуулдаг болжээ.
Хэдийгээр “Монголын параглайдингийн холбоо” ГҮТББ гэж байгууллага байдаг ч мэргэжлийн нисгэгч багш нарыг бэлтгэж чадахгүй, мөнгө олох зорилгоор сонирхогчдыг түлхүү хамруулах болсон байна.
Тухайлбал, он гарснаас хойш хүүхэд залуус эцэг, эх, асран хамгаалагчдаа хэлж, зөвшөөрөл авалгүй шүхрээр нислэг үйлдэж байгаад нуруу нугас, хөл гараа гэмтээх тохиолдол нэлээдгүй гарчээ. Осол, гэмтлийн учир шалтгааныг тодруулахад аваарын шүхрийг хэрхэн дэлгэхийг заах нь битгий хэл аюулгүй байдлыг нисгэгч багш нь өөрөө хангаагүй тохиолдлууд хүртэл гарчээ.
Тэгвэл энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эрх, хяналтыг Иргэний Нисэхийн ерөнхий газраас тавьдаг аж. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хяналт улам суларч, зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран мөнгө олох зорилгоор шүхрээр нислэг үйлддэг клубуудын тоо эрс нэмэгдэж, энэ хэрээр аюулгүй байдалдаа анхаарахаа больжээ.
Өнгөрсөн амралтын өдөр /2025.06.21/ гэхэд манай улсад аялж байсан БНСУ-ын иргэн шүхрээр нисэх үйлчилгээ авсан боловч тухайн нисгэгч багш нь аваарын шүхрээ бүрэн дэлгээгүй, аюулгүй байдлаа хангаагүйн улмаас хамт осолдож, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Үүнд ИНЕГ-ын удирдлагууд энэ талын хяналтаа тавиагүй, нисгэгч багш нарын чадвах, мэргэжлийн эсэхийг тогтмол хянаж байх ёстой атал сул хараа хяналтгүй орхисноос үүдсэн хэмээн үзэж байгаа аж.
Дашрамд дурдахад 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ИНЕГ-ын даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр Э.Төрбаяр томилогдсон. Гэвч томилогдсон цагаасаа хойш өнөөдрийг хүртэл дараглайдинг буюу шүхрээр нислэг үйлддэг үйлчилгээнд ямар ч хараа, хяналт тавиагүй сул хаясан аж.
Өмнө ИНЕГ-ын харьяа хуучин нисэх буудлын талбайд дадлага, сургуулилт хийх, гадны багш нарыг урьж мэргэжлийн сургалт авах зэрэг үйл ажиллагаа явагддаг байсан бол одоо энэ бүхэн таг зогсжээ.









