“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Монголын мал аж ахуйн уламжлалыг хадгалан, ноослогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, цахилгаан машинаар ноослох дэвшилтэт технологийг түгээх, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход уг тэмцээн чухал хувь нэмэр орууллаа.
Монгол Улсын 21 аймгаас 100 гаруй ноослогч оролцож, ур чадвар, хичээл зүтгэлээ дайчлан өрсөлдсөн нь энэхүү тэмцээний цар хүрээ, ач холбогдлыг харууллаа.
Тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн бус, уламжлал, шинэчлэлийг хослуулсан Монголын мал аж ахуйн салбарын хөгжлийн чухал алхам болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн шатны тэмцээнийг үзэн сонирхож, тэргүүн байранд шалгарсан тамирчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит дурсгалын цом, батламж, тууз, мөнгөн шагналыг гардуулав.
Мөн цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагч 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн болж буй юм.
- Гар хайчны төрөлд Говь-Алтай аймгийн Дарви сумын тамирчин Шагдарсүрэнгийн Батмагнай,
- Цахилгаан хайчны анхан шатны төрөлд Архангай аймгийн Цэнхэр сумын тамирчин Чулуунбатын Азбаяр,
- Цахилгаан хайчны мэргэшсэн шатны төрөлд Архангай аймгийн Хотонт сумын тамирчин Э.Баасандорж нар тэргүүлжээ.









