ОУПХ-ны зүүн европ, төв азийн бүс нутгийн 10 дугаар хурал Монгол Улсад зохион байгуулагдлаа
Олон улсын прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн 10 дугаар хурал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2025 оны 6 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд боллоо.
Тус хуралд АНУ, Англи, Канад, Австрали, Румын, Хятад, Турк, Казакстан, Азербайжан, Саудын Араб, Кувейт, Кени, Сингапур, Бүгд Найрамдах Солонгос Улс, Кувейт, Непал зэрэг 25 улсын прокурорын байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд, сайн туршлага” сэдвээр нэгэн дор чууллаа.
Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Олон улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона нар нээж үг хэллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтэд оролцож үг хэлэхдээ цахим орчин, кибер аюулгүй байдлын эрсдэл нь улс орнуудын хил хязгаараас үл хамаарч прокурорын байгууллагуудын өмнө урьд хожид байгаагүй шинэ сорилт бий болгож байгааг тэмдэглэлээ. Иймээс хамтын хүчин чармайлт, цогц шийдэл, харилцан уялдаатай бодлого чухал гэдгийг онцолж, прокурорын байгууллагууд цаашид хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Олон улсын прокуроруудын холбооны бүсийн хурлаар “Олон нийтийн сүлжээ ба гэмт хэргийн хувьсал, чиг хандлага”, “Цахим орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь”, “Технологийн дэвшил, инновацыг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах нь”, “Хүн худалдаалах гэмт хэрэг: Бүс нутгийн чиг хандлага, стратеги, хохирогчийг хамгаалах ажиллагаа” дөрвөн дэд сэдвийн хүрээнд 16 илтгэл хэлэлцүүлж, цахим орчин дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагаа хуваалцлаа.









