ТОДРУУЛГА: Баян-Өлгийд гарсан ослоор эмнэлэгт хүргэгдсэн 4 хүүхдийн нэг нь нас баржээ
Энэ сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймагт 17 настай хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодож байгаад осолдож, 4 хүүхэд гэмтэж, 3 хүүхэд нас барсан харамсалтай осол гарсан.
Энэ талаар өнөөдөр өглөө ЦЕГ-аас "Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 2025 оны зургадугаар сарын 1-нд 05.00 цагийн орчимд насанд хүрээгүй иргэд тээврийн хэрэгсэл жолоодож, осолдсоны улмаас гурван хүн харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. Ямар нэгэн арга хэмжээнд оролцох эсэх талаар мэдээлэл алга. Шалгалтын явцад тодорхой болох байх. Дөрвөн хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна" гэсэн юм.
Тэгвэл бид тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс хүүхдийн биеийн байдлыг тодруулахад, " Зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд эмчлүүлж байсан боловч нэг хүүхэд өнөөдөр амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Үлдсэн гурван хүүхдийн биеийн байдал тогтворжсон байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх эмчилгээг үзүүлж байна" гэв.









