ИТГЭМЖЛЭЛ: “Шинэ үе ба жижиг дунд үйлдвэрлэлийн ирээдүй” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан шилдгүүдээ шалгарууллаа
Дэлхийн Итгэмжлэлийн Өдөр (World Accreditation Day 2025)-ийг тохиолдуулан итгэмжлэлийн тухай ойлголт, ач холбогдол, өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, сайн туршлагууд, шинэ санал санаачлагуудыг хэрхэн хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Итгэмжлэлийн үүрэг оролцоо, залуучуудын оролцооны талаар шүүмжлэлтэй сэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоор “Итгэмжлэл, итгэлцэл, инноваци: Шинэ үе ба жижиг дунд үйлдвэрлэлийн ирээдүй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
Уг ЭССЭ бичлэгийн уралдаан долоо хоногийн турш үргэлжилж, 61 эссэ ирсэн бөгөөд 5 шүүгчийн хараат бус саналаар манлайлагчид тодорч 2025.05.28-ны өдөр буюу өчигдөр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, удирдлагууд, хамтран зохион байгуулсан Монсертф ХХК-ын ерөнхий захирал оролцож, шилдэг таван бүтээллийн эздэд шагналыг нь гардууллаа.
- ТЭРГҮҮН байр: Д.Отгонжаргал Сэдэв:“Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд итгэмжлэлийн үзүүлэх нөлөө”
- ДЭД байр: С.Маралмаа Сэдэв: “Шинэ үе ба Жижиг дүнд үйлдвэрлэлийн ирээдүй” Шагнал: ӨРГӨМЖЛӨЛ, 1,000,000 төгрөг, дурсгалын зүйл
- ГУТГААР байр: A.Дүүрэнбилэг Сэдэв: “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд итгэмжлэлийн үзүүлэх нөлөө”
- ТУСГАЙ байр: Д.Золзаяа Сэдэв: “ЖДҮ хөгжлийн шинэ түлхүүр нь итгэмжлэл мөн үү?”
- ТУСГАЙ байр: Э.Далайжаргал “Монгол дахь гаралтай бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдал ба итгэмжлэл” сэдэвт эссэгээр тус тус шалгарлаа.
Зохион байгуулагчдын зүгээс уралдаанд шалгарсан эссэг “Итгэмжлэл” сэтгүүлийн анхны дугаарт хэвлүүлж, олон нийтэд танилцуулах талаар мэдээлэл хийсэн бол оролцогчдын зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид итгэмжлэл, тохирлын үнэлгээний талаар мэдлэг мэдээлэлгүйгээс болж үйл ажиллагаанд доголдол учирдаг талаар өөрсдийн туршлага болон олон улсын жишгийг судалсны үндсэн дээр гаргаж тавьсан талаар онцолж байлаа.
Дэлхийн Итгэмжлэлийн Өдөр (World Accreditation Day 2025)-ийг тохиолдуулан оюутан, залуучуудын дунд зохион байгуулсан ЭССЭ бичлэгийн уралдааныг хамтран зохион байгуулж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан Монсертф ХХК-ын Ерөнхий захирал Г.Билгүүн болон удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.









