Гүүрэн гарцаар хүн бүр зорчиж чадахгүй байна
Нийслэлийн ачаалал ихтэй хэд хэдэн газар гүүрэн гарцтай болоод удаагүй байна. Явган хүний зорчих гэрэлтэй “уралддаг” иргэдийн хувьд гүүрэн гарцтай болсон нь сайн хэрэг. Гэсэн ч иргэд гүүрэн гарцаар гаралгүй машинууд дундуур сүлжилдэн явсаар байгаа нь замын хөдөлгөөн зохицуулагчийг бухимдуулах болжээ. “Өч төчнөөн мөнгөөр та нарт зориулан гүүр гарц барьж өгчихөөд байхад яагаад тэрүүгээрээ явахгүй гай болоод байгаа юм бэ” гэж хэдэрлэх жолооч ч олон болж. Тэдний ингэж аашлах нь буруу биш. Гэхдээ “Боломжтой бол гүүрэн гарцаар гарна шүү дээ” гэж иргэдийн хэлэхийг сонсоод “Бөмбөгөр” худалдааны төвийн өмнөх гүүрэн гарцаар гарах хүмүүсийг ажиглав. Тус гүүрэн гарцаар залуус гарахад амар юм. Харин өндөр настай хүн, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход амаргүйг харав. Шатны гишгүүр өндрөөс гадна хоорондын зай эдгээр хүмүүс явахад арай л хол байлаа. Ядаж байхад хоёр цахилгаан шатны нэг нь ажиллахгүй болохоор гүүрэн гарцаар явах боломж тэдэнд олдоогүй байх. Тиймээс л тэд машинд дайруулчих шахам явсаар байна. “Бөмбөгөр” худалдааны төв, “Зуун айл” зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газар гүүрэн гарц барих нь зөв ажил. Гэхдээ үйлчлүүлэх, зорчих хүмүүсээ бодолцож шатны өндөр, хоорондын зайгаа төлөвлөсөн бол нүдээ олох байжээ. Одоо ч яахав, цэцэрлэг, их, дээд сургуулийн хөл хөдөлгөөн эхлээгүй байна. Харин сар хүрэхгүй хугацааны дараа яана даа.