“Харанга“ хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгсжээ
Монгол Улсын Төрийн соёрхолт, МУГЖ, “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин Ц.Энхманлай таалал төгсжээ
Тэрбээр 1956 оны есдүгээр сарын 27-нд Улаанбаатар хотод мэндэлжээ.
Ц.Энхманлай 1974 онд уран бүтээлийн замналаа эхэлж "Ногоон гэрэл" хамтлагт гитарчнаар орж, Я.Одсүрэнтэй хамт тоглодог байжээ. Үүний дараа 1977-78 онд "Айзам" хамтлагт бөмбөрчнөөр тоглож байсан бол 1978 онд цэрэгт татагдан "Соёмбо" хамтлагт орж, 1986 он хүртэл хүчин зүтгэжээ. "Соёмбо" хамтлагт Ц.Чулуунбат, Н.Пүрэвдаш, Х.Лхагвасүрэн нартай танилцсан байна. Улмаар 1989 онд "Харанга" хамтлагийг байгуулсан түүхтэй.
"Харанга" хамтлагийн анхны тоглолтын нэр түүний үг, аяыг нь зохиосон, төрийн шагналт бүтээл болох "Амьдрал" дууны нэрээр нэрлэгдсэн байдаг.
Түүний зохиосон "Зэрэглээ" дууны үг, "Аялгуу" дууны ая, "Манан" дууны үг гээд олон олон хит дуу түүний урын санд бий.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.









