“United Airlines”-ын агаарын хөлөг “Чингис хаан“ нисэх буудалд газардлаа
Дэлхийн хамгийн том агаарын тээвэрлэгч “United Airlines” авиа компани нь 2025 оны 5-р сарын 1-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлд “Boeing 737-800” агаарын хөлгөөр анхны нислэгээ үйлдэж, өчигдөр Улаанбаатар хотод анхны буултаа хийлээ. Тус агаарын хөлөг өчигдөр 21:12 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд амжилттай газардав.
“United Airlines” авиа компани 1023 онгоцтой, АНУ-аас олон улс болон орон нутгийн 350 гаруй чиглэлд нислэг үйлддэг, онгоцны тоо болон зорчигч тээвэрлэх хүчин чадлаараа дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани хэмээн тооцогддог. Тус нислэг нь АНУ-аас Монгол Улс руу нислэг үйлдэх анхны агаарын тээврийн компани болж байна. Улаанбаатар – Токио – АНУ чиглэлийн дамжин нислэг нь Монгол Улс болон АНУ-ын хооронд зорчих хамгийн хурдан, богино хугацаатай аялал байх бөгөөд ойролцоогоор 15 цаг орчим үргэлжилнэ.









