У.БАТБАЯР: “Сүлд“ чуулгат ажилладаг гэхээрээ дан хөгжим тоглоод суудаггүй. Хэв журам, олон нийтийн жагсаал цуглаанд давхар татагдаад явдаг онцлогтой
ЦЕГ-ын "Сүлд" чуулгын морин хуурч, хөөмийч У.Батбаяртай ярилцлаа.
Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг У.Батбаяр гэдэг. “Сүлд” чуулгын хөгжимчин, морин хуурч, хөөмийч. Ардын рок хэлбэрээр тоглодог “Онгод” гэдэг хамтлагтай. 2010 онд манай хамтлаг байгуулагдаад “Сүлд” чуулгад хамтлагаараа очиж шалгуулаад тэнцээд чуулгатаа 2012 онд томилогдож байсан.
Та яагаад морин хуур хөгжмийг сурч энэ мэргэжлээрээ ажиллах болсон бэ?
Би Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. 10 жилд байхдаа дуулдаг хүүхэд байсан. Багш маань 6-р ангиас морин хуур зааж, тэр үед урлагийн үзлэг гээд л янз бүрийн арга хэмжээ болдог.
Тэрэндээ орж явж байгаад хүүхдийн урлагийн “Яргуй” наадамд язгуур урлагийн төрлөөр морин хуураар оролцоод тухайн үедээ амжилт гаргаад тэгээд л морин хууртай салшгүй холбогдсон доо.
Морин хуур тоглох үеийн мэдрэмж ямар байдаг вэ?
Морин хуур хөгжим бол үндэсний гэж хэлэх ганц бахархалт хөгжим шүү дээ. Монгол хүний заавал эзэмшвэл зохих, монгол хүн гэдгээ мэдрэх, омогшил бахархах хөгжмийн зэмсэг л гэж боддог доо.
Морин хуур хөгжимд монгол ахуй тэр чигтээ явж байдаг, хөгөлгөөнөөс авхуулаад морины явдал, янцгаах, уул ус бүгд л хуураа татахад цаана нь яах аргагүй төсөөлөлд орж ирдэг .
Морин хуурч хүн хууль сахиулах байгууллагад бүр мөрдөстэй алба хаагч болсон байх сонирхолтой санагдаж байна. Чуулгынхаа талаар яриач...
"Сүлд" чуулгат ажилладаг гэхээрээ дан хөгжим тоглоод суудаггүй. Хэв журам, олон нийтийн жагсаал цуглаанд давхар татагдаад явдаг онцлогтой.
Эргүүл хамгаалалт, жагсаал цуглаан гээд ямар нэгэн асуудал үүсэхэд бид тэнд үүрэг гүйцэтгээд байж л байдаг адилхан мөрдөс зүүсэн тангараг өргөсөн хос мэргэжилтэй алба хаагчид шүү дээ.
2005 оноос СУИС-д мэргэжлийн хөөмийч гэдэг танхимын сургалт бий болоод үндэсний хөгжимд суралцаж байгаа оюутан сонгох хичээлээр давхар үзэж давхар мэргэжилтэй болж болно гээд хөөмийч гэсэн давхар мэргэжилтэй болсон. Морин хуураа тоглож байгаа юм чинь яагаад хөөмийлж болохгүй гэж бодсон. Морин хуур хөөмий хоёр хоорондоо салшгүй холбоотой. Тэгээд л энэ хоёр мэргэжлийг одоо хэр нь суралцаад явж байна. Хөгжмийг дөрвөн жил, таван жил үзээд сурчихлаа гэсэн зүйл байхгүй, үргэлж л насан туршдаа суралцсаар байдаг.
2024 онд Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэ зарлигийг онцлог нь юу вэ?
Ерөнхийлөгчийн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарлиг бол маш зөв зүйтэй үед гарсан гэж боддог. Айл болгон хууртай, ядаж айл гэрийн ганц гишүүн нь хуураа тоглочихдог байна гэдэг маш хэрэгтэй.
Монголчууд ер нь үндэсний урлагийг хэр дэмждэг гэж боддог вэ?
Морь бөх гэхээр монголчууд байдгаа бариад гүйдэг. Гэтэл яг үүнтэй ижил дэлхийд бүр А зэрэглэлийн уралдаан тэмцээнд манай урлагийнхан очиж түрүүлээд, гранприг нь аваад, улсынхаа нэрийг мандуулаад ирэхээр морь, бөх шигээ анхаарал хандуулдаггүй. Үнэлэмж тааруу байгаа. Урлагийг морь, бөхөөс долоон дор үнэлэж байгаа харагддаг.
Морин хуур хөгжим олон урсгалд уусч илүү хөгжиж байна.
Морин хуур өөрөө аль ч хөгөлгөөгөөр хөгөлсөн ямар ч төрөл жанр дээр тоглосон зохицдог онцлогтой. Морин хуурын өөрийн үндсэн хөг хөгөлгөөгөөр рок ч байна уу этник ч байна уу хамаагүй тоглож байна.
Ярилцсанд баярлалаа.









