Сэлэнгэ аймгийн иргэд хандивын аян өрнүүлж, сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдад их хэмжээний түймэр гараад буй билээ.
Дархан, Сэлэнгийн онцгой байдлын алба хаагчид, сумдын ЗДТГ болон онцгой байдлын албад, мөн нутгийн иргэд бүх хүчээрээ ажиллаж байгаа хэдий ч салхи шуурга ихтэйн улмаас түймрийн тархалт улам нэмэгдэж, аюултай байдалд хүрээд байгаа талаар Сэлэнгэ аймгийн цахим телевиз мэдээллээ.
Түймэр өчигдөр /2025.04.28/ үдэд гарсан бөгөөд голомтлон үргэлжилсээр байгаа аж.
Сэлэнгэ аймгийн иргэд өчигдөр үдийн хойноос эхэлж түймрийн голомтод ажиллаж байгаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөж гэр орон хашаа хороо, өвөлжөө хаваржаагаа алдсан айл өрхөд туслах хандивын аян зарласан.
Одоогоор хандивын дансанд 6.443.500₮ цуглажээ. Томоохон хандивлагчдыг дурдвал иргэн О.Анхцэцэг таван сая төгрөг, Сүхбаатар сумын Цагаан Эрэг ТҮГ-ын хамт олон нэг сая төгрөгийн шатахууны талон, хүн хүч, техникээр тусалж байгаа бол Цагааннуур сумын эмийн сан түймэр унтраахаар явж буй залуустаа анхан шатны тусламжийн аптек бэлдэж өгчээ.
Мөн аймгийн автомашин мотоциклын спортын холбоо түймэртэй сумдуудад хүрч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн иргэдээс үзүүлэх биет тусламжийг аймгийн төвд тодорхой цэгт хүлээн авч байгаа аж.









