Хөлбөмбөгчдийн тэмцэл сонгуулийн дүнд ялагдаж, Ц.Анандбазар Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2025 оны 4 сарын 28

Arslan.mn

Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ээлжит бус Их Хурал өнөөдөр /2025.04.28/ болж байна. Энэ хурлаар холбооны Ерөнхийлөгчийг сонгохоор болсон.

Тодруулбал, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид Ц.Анандбазар, С.Жаргал, Б.Гарьдмагнай , Ө.Алтай, Н.Болор-Эрдэнэ  нар нэрээ дэвшүүлсэн билээ. Үүнтэй зэрэгцээд энэхүү хурал 13:00 цагийн байдлаар хаалттай хуралдаж, хаалганы цаана сонгогчдыг нэг нэгээр нь оруулж саналыг  авсан байна.

Уг сонгуулийг зарим хөлбөмбөгийн тамирчид эсэргүүцэж шударга бус сонгууль болж байна гэж байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Энэ үеэр хөлбөмбөгийн сэтгүүлч Б.Батзаяа “Та нар Ц.Анандбазарт хөлбөмбөгийг зарчихлаа ш дээ” хэмээн бухимдлаа илэрхийлж байсан юм. Мөн “Дэрэн” клубын дасгалжуулагч ярихдаа “Ц.Анандбазар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болохын тулд орон нутгийн клубийнхэнд 5-10 сая төгрөг өгсөн. Энэ бичлэг нь цахим орчинд ч тавигдсан байгаа. Өнөөдрийн сонгуулийг хаалттай, хууль бусаар, хүчээр зохион байгуулж байгааг эсэргүүцэж байна” гэсэн юм.

Тэгвэл Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Анандбазарыг сонгожээ.

Хөлбөмбөгийн холбоог бизнес, улс төрийнхөн удирдаж байсан түүх бий. Тэдний цувааг ийнхүү Ц.Анандбазар үргэлжлүүлэх нь.

Ц.Анандбазарын хувьд мэргэжлийн бус. Түүнийг бизнесмен, улс төрч л гэж мэднэ. Өдийг хүртэл явж ирсэн зам нь ийм. Гэтэл хөндлөнгийн, огт хөгжөөгүй салбар руу хошуу дүрэх гээд байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж сэрдэгдээд байгаа юм.

Сонгуулийн өмнө Ц.Анандбазарыг ерөнхийлөгчид нэр дэвшсэнийг эсэргүүцэж, Дээд лиг болон Нэгдүгээр лигийн тамирчид бойкот зарлаж, өнгөрсөн баасан гаригаас ням гаригийг дуусталх бүх тоглолтод оролцохгүй байх шийдвэрийг “Очир” зөвлөлөөс гаргасан. Хөлбөмбөгчид Холбооны удирдлагыг улс төрөөс хараат бус зөвхөн хөлбөмбөгийн төлөө ажиллах хүсэл сэтгэлтэй хүнээр сонгож, ажиллуулахыг хүссэн тэмцэл энэ байлаа.

Гэвч тоглогчдын тэмцэл сонгуулийн эцсийн дүнд ялагдаж дуусав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663097
0 эможи

keyboard_arrow_up