ДХИС-ийн оюутнуудын мэдлэг оюунд үнэтэй хувь нэмэр оруулах 39 генералын 358 бүтээл бүхий “ГЕНЕРАЛ ТАНХИМ” нээлтээ хийлээ
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан ЦЕГ-аас Мөрдөн байцаах албанаас Дотоод хэргийн их сургуульд генералуудын нэрэмжит хүндэтгэлийн танхим, номын сантай болголоо.
Ийнхүү өнөөдөр /2025.04.24/ “Генерал танхим”-ын нээлтийн арга хэмжээг Дотоод хэргийн их сургуульд зохион байгууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, ДХИС-ийн захирал О.Зоригт, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга Н.Мөнхзул, ЦЕГ-ийн Мөрдөн байцаах албаны дарга П.Очбадрах, Дотоодын цэргийн штабын дарга М.Лувсандорж, болон эрхэм генералууд, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрхэм үйлсэд бие сэтгэл, эрдэм оюунаа зориулсан эрдэмтэн судлаач эрхэм генералууд Та бүхний оюуны дахин давтагдашгүй онцгой бүтээлүүдээр бахархаад зогсохгүй, ирээдүй хойч үед үнэлж баршгүй баялаг болон үлдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын генерал цолтнуудын нэрэмжит номын сангийн үүд хаалга төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид, сонсогч, оюутнууд болон оюуныг дээдэлсэн хүн бүхэнд үргэлж нээлттэй байж, Та бүхний мэдлэг оюунд тань үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгааг илэрхийлье” хэмээн онцлов.
МӨРДӨН БАЙЦААХ АЛБАНЫ ДАРГА П.ОЧБАДРАХ:
Цагдаагийн ерөнхий газраас Монгол Улсын дээд цол болох “Генерал” цол олгож эхэлсний 81 жилийн ойг тохиолдуулан олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь генералуудын туурвисан бүтээл, эрдмийн ажлууд, нэг сэдэвт бүтээлүүдийг цуглуулж, 39 генералын 358 бүтээлээр “ГЕНЕРАЛ ТАНХИМ”-ыг бүтээлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол төрийн алтан мөрдөст генералууд хүрэлцэн ирсэн байна.
ДХИС-д төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүх оюутнууд суралцаж байна. Энэ оюутнууд дээрх генералуудын бүтээлүүдийг унших, мэдлэгээ тэлэх, цаашлаад эрдэм шинжилгээ судалгааны ажлыг нь улам чанаржуулан үргэлжлүүлэх, итгэл үнэмшил авах, олон төрлийн мэдлэг ур чадвартай болох ач холбогдолтой. Ийнхүү “Генерал танхим”-д байрлах номын санд эрхэм хүндэт генерал, эрдэмтэн судлаачдын 400 гаруй ном бүтээлийг байршууллаа.









