Н.Учрал: E-Mongolia платформ ₮1.4 их наядын зардал хэмнэж, төрийн хүнд суртлыг буурууллаа
E-Mongolia платформ хоёр сая хэрэглэгчтэй болжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учрал цахим хуудсандаа, "2020 онд 181 үйлчилгээгээр эхэлсэн энэ платформ өнөөдөр 88 байгууллагын 1,264 үйлчилгээг 24/7 цагийн турш иргэдэд хүргэж байна. 73.6 сая удаагийн үйлчилгээ, 1.4 их наяд төгрөгийн бодит хэмнэлтийг хийж төрийн хүнд суртлыг бууруулж чаджээ.
Цахим засаглал бол зүгээр нэг технологийн шийдэл биш. Энэ бол иргэндээ ээлтэй, түргэн шуурхай, хүртээмжтэй төрийн үйлчилгээг хүргэх шинэ соёл юм. Энэ бол төрд итгэх итгэлийг сэргээх алхам. Иргэн төвтэй төрийг бий болгох зорилтын биелэл юм. Мөн төрийн үйлчилгээний шинэ стандартыг тогтоосон, төр-иргэний хоорондын харилцааг хөнгөвчилсөн, цахим хөгжил бодит үр дүнд хүрч буйн тод жишээ.
Монгол төрийн үйлчилгээ илүү хялбар, илүү нээлттэй, илүү иргэн төвтэй байх ёстой. Энэ зарчмыг тууштай хэрэгжүүлснээр бид иргэнээ цаг хугацаа, зардал, хүндрэлээс чөлөөлж, итгэл хүлээсэн төрийн шинэ өнгийг тодорхойлно" хэмээн нийтэлжээ.









