АТГ-ыг ажлаа хийхийг шаардлаа
Авилгалтай тэмцэх газарт хоёр жил шалгагдаж энэ оны хоёр сард цагаатгагдсан кино найруулагч Г.Бадамрагчаа өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа.
Түүнийг анх 2 жилийн өмнө ТЕГ-аас эрүүгийн хуулийн 82,1 буюу төр эргүүлж хувьсгал хийсэн гэсэн үндэслэлээр баривчилсан бөгөөд гурван сар ганц худагт хорьж хоёр жил батлан даалтанд байлгасан юм байна. Ингээд 2014 оны хоёр сарын 28-нд шүүх хурал болж цагаатгасан. Энэ асуудлын дараа тэрээр гурван сарын 18-нд "Намайг 2 жилийн хугацаанд хэлмэгдүүллээ. Үүнд буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ авч өгөөч" гэсэн утга бүхий өргөдлийг АТГ, ЕПГ, ТЕГ-т гаргасан. Үүний дараа АТГ нэг удаа мэдүүлэг авсан байна. Харин сүүлийн үед түүнийг хөдөө яваад ирэхэд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гэмт хэрэгтэн зүгээр явж байна гэсэн мэдээллийг удаа дараа цацсан юм байна. Тэрээр хэлэхдээ "Намайг шүүх хурлаар цагаатгасан байхад н.Цогтбаатар гэгч иргэн намайг интернет, хэвлэл мэдээллээр гүтгэсэн. Үүнийг би үзэхдээ АТГ ажлаа хийхгүй байна гэж ойлгож байна. АТГ ажлаа хэрэгтэй байна. Монголын хууль, шүүхийн байгууллагууд иргэддээ ялгавартай хандаж байна. Энэ н.Цогтбаатар гэгч хүн саатуулах байранд байгаа мөртлөө ил байгаа юм шиг худал мэдээлэл цацаж байна. Тэр хүн намайг хоёр жилийн өмнө гүтгээд суулгасан. Харин одоо бол эсрэгээрээ эргээд би тэр хүнийг гүтгэсэн болж хувирч байна. Ийм хүн гүтгэдэг иргэдийг хаацайлдаг хүмүүс хуулийн байгууллагад байх юм бол цаашдаа энгийн иргэд хохирох магадлал их болж байна. Ийм учраас ийнхүү хэвлэлийнхэнд хандлаа" хэмээлээ.