Б.СҮХБААТАР: Морин хуурын музейгээ босгох гэж зүтгэсэн он жилүүдэд өрөнд бүхнээ алдаж, бор дарсанд орж явсан үе ч бий
Монголын морин хуурын музейн үүсгэн байгуулагч, морин хуур урлаач, судлаач Б.Сүхбаатартай ярилцлаа.
-Сайн байна уу. Таны хувьд анх морин хуур урлаач гэх энэ мэргэжлийг хэрхэн сонгож байсан бэ?
Сайн байна уу. Хүүхэд байхдаа нутагтаа морин хуур тоглодог авъяастай ахыг харж, сонссон тэр агшин сэтгэлээс минь огт гардаггүй юм. Тэр цагаас хойш морин хууранд дуртай болсон. Одоо морин хууртайгаа нөхөрлөөд 26 жил болжээ. Хүүхэд байхаасаа анх урлах оролдлого хийж эхэлсэн. Оюутан байхдаа морин хуур урладаг газар хичээлийнхээ хажуугаар туслах ажилчин хийж байгаад 2009 онд өөрийн гэсэн Морин хуур урлалын компаниа байгуулаад өнөөдрийг хүртэл явж байна. Хажуугаар нь морин хуурын музей нээх ажлыг эхлүүлээд 10-аад жилийг яг энэ музейнхээ ажилд л зарцуулсан. Музей маань тодорхой хэмжээнд хөл дээрээ тогтсон учраас сүүлийн үед морин хуур урлах ажилдаа илүү их дурлаад энэ чиглэлээрээ дагнан ажиллаж байна.
2019 оноос хойш ээждээ мөн монголынхоо бүх сайхан бүсгүйчүүдэд зориулаад 108 морин хуур буюу "Эгшигэн суварга" бүтээх зорилт тавин ажилласан. Тэр мөрөөдөл маань өнөөдөр ийнхүү биеллээ олж үзэсгэлэнгээ гаргахад бэлэн болоод байна.
-Морин хуурын музей гэхээр сонирхолтой санагдаж байна. Яагаад музей байгуулахаар шийдсэн бэ?
Морин хууртай холбогдсон цагаас эхлээд л энэ талаар мөрөөддөг байсан. Музейгээ байгуулах зорилгоор эртний хуур, сонин содон хөгжмийн зэмсэг гээд маш их хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж, өнөөдрийн байдлаар 400 орчим үзмэртэй болсон байна. Золиос бас их зориг шаардагдсан. Музейгээ анх байгуулах үедээ өөрийн гэсэн байргүй. Стандартын шаардлага хангасан байр саванд л байрлуулахгүй бол морин хуур муудах, эвдрэх тохиолдол гарна. Тиймээс том м.кв байр түрээсэлж, түрээсийн өрөнд их орж явлаа. Тэгэхдээ хичээсэн хүн бүтээдгийг биеэрээ мэдэрч байна. Хоёр жилийн өмнөөс өөрийн гэсэн байртай болъё гээд тоглолт хийж, аян өрнүүлж, музейн байртай болсон. Энэ музей маань монголын аялал жуулчлалд тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа гэж боддог.
-Өдий олон жил унаж босч явахдаа шантралгүй музейтэй урлантай үйлдвэртэй болоход юу танд нөлөөлсөн бэ?
Ер нь бол музей байгуулах гээд явж байх хугацаандаа гэр бүлийн байдал хүртэл тогтворгүй болж гэр бүлээ хүртэл золиослосон. Асар их өрөнд орж, түүнээсээ болж хамаг орон байраа өрөнд өгөөд, музейн үзмэртэйгээ айлын хашаа байшин түрээслэж үзсэн. Ядаж коронавирусийн халдвар гарч хаа, хаанаа л нөхцөл байдал хүндэрсэн. Тэр үед амьдрах уу амиа хорлох уу гэдэг дээр ирж нэг мэдэхэд архинд хүртэл орчихсон явсан. Нэг өдөр нутгийн маань том арга хэмжээ болоод түүнд оролцож явж байгаад азын сугалаанд орон сууц хожсон. Тэр зүйл намайг сэргээж цаанаасаа намайг харлаа морин хуурын тэнгэр гэж байдаг юм байна гэж би итгэсэн. Тэгж л би урамшиж өдийг хүртэл зүтгэсэн.
-Та морин хуурыг сурах шалтгааныг хүүхэд залуучуудад хэлээч?
Морин хуур бол Монголчуудын оюун санааны сор болсон хөгжмийн зэмсэг. Энэ хөгжмийн зэмсгийг бид зүгээр ханандаа өлгөх биш, орчин үед болж өгвөл айл болгон гэртээ морин хуураа эгшиглүүлдэг нэг хүнтэй байх ёстой гэж би боддог. Морин хуур эгшиглэсэн газар энергийн солилцоо явагдаж, сайн энерги хуримтлагдаж байдаг.
Морин хуурыг сурах гэж эхэлж байгаа залуучууд түүндээ маш тууштай хандах хэрэгтэй. Морин хуурыг сурна гэдэг тийм ч амархан зүйл биш. Гэхдээ монгол хүн болгон хэцүү гэж бодож болохгүй, хүн болгон өөрийн хэмжээндээ гурван татлага ч юм уу сурах хэрэгтэй.
-Хүүхдүүддээ бид энэ соёлыг өвлүүлэн үлдээхийн тулд юу хийх ёстой вэ?
Өмнө нь манайхан хуур урлаач нараас ирээд л хамгийн хямд хуурыг нь авъя гэдэг байсан бол өнөөдөр хамгийн сайныг нь авъя гэдэг болчихсон. Морин хуур гэдэг хөгжим дээр Монголын бүх өв соёл шингэчихсэн. Тиймээс энэ зүйлийг л хүүхдүүдэд мэдрүүлэхийг хүсдэг. Музей үзэхээр ирсэн хүүхдүүддээ өөрөө тайлбарлаж өгөөд, морин хуураа хуурдаж үзүүлдэг. Тэгэхээр хүүхдүүд маш их сонирхож, хуурдаж сурна гээд явцгаадаг. Саяхан би ЕБС-ийн дуу хөгжмийн хичээлд оруулах зөвшөөрлийг авсан. Тэгэхээр хүүхдүүддээ багаас нь энэ төрлийн хичээлийг заах боломжтой болно гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
ВИДЕО:









