Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч, харьяа албадыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангана
Монголын татварын алба 2025 онд татвар төлөгчид ээлтэй, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж “Зөвлөн туслагч татварын алба” болох зорилт тавьжээ.
Энэ тухай Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Ц.Тогосмаагаас тодрууллаа.
-Татварын ерөнхий газрын 2025-2028 оны Стратеги төлөвлөгөөнд Хуулийн хэрэгжилтийг хангах газрын чиг үүргийн хүрээнд ямар арга хэмжээ тусгасан бэ?
-Татварын ерөнхий газар үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөгөө 2025 оныг “Зөвлөн туслагч татварын алба” зорилтот түвшний хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Хуулийн хэрэгжилтийг хангах газар нь “Зөвлөн туслагч татварын алба” жилийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан бизнесийн салбарын онцлогт тохирсон сургалт, сурталчилгааг олон нийтэд хүргэж, эдийн засгийн салбарын эрсдэлийн тооцоолол, татвар төлөгчийн хэрэгцээнд болон татварын маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт үндэслэн шаардлагатай зөвлөмжүүдийг холбогдох чиг үүргийн нэгжүүдтэй хамтран гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн татварын багц хуулиудад хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж гүйцэтгэн, тус хуулиудын хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгахын зэрэгцээ, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй хүндрэл, бэрхшээлтэй асуудлыг судлан, цаашид зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг тодорхойлон холбогдох эрх бүхий байгууллагад уламжлан ажиллаж байна.
-Татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ямар шинэ санаачилга, бодлогын өөрчлөлт төлөвлөсөн бэ?
-Манай газар нь Татварын ерөнхий газар болон харьяа албадыг татварын хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, татвар төлөгчдөөс гаргасан хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэх явцад хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, татварын хэрэг маргаанд төлөөлөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, татварын албаны хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг.
Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны төрөлд татварын маргаан зонхилох хувийг эзэлж байгаа нь татварын алба цаашид хэрэг маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, бууруулах, үүссэн хэрэг маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатайг илтгэж байгаа.
Хууль хяналтын байгууллагад төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг нийт албадын хэмжээнд авч үзэхэд эрүүгийн 9,9 их наяд төгрөгт холбогдох 164 хэрэг, иргэний шүүхийн журмаар 12,7 тэрбум төгрөгт хамаарах 69 татвар төлөгчид холбогдох хэрэг, Захиргааны хэргийн шүүхэд хянагдсан 1 их наяд төгрөгт хамаарах 179 татвар төлөгчийн нэхэмжлэлтэй хэрэгт төлөөлөн ажилласан байна.
Татварын улсын байцаагчийн үйлдсэн актын 26,391,914,399.25 төгрөгт хамаарах 30 хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэнээс Татварын албаны талд 95.8 хувь нь хангагдсан үзүүлэлт гарсан.
Бид маргаан бүхий харилцаа үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийг баримтлан татварын алба болон татвар төлөгч хооронд маргаан үүсэж буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, татварын хэрэг маргааныг бууруулах асуудалд анхаарч, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
Түүнчлэн татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх, чөлөөлөх, суутган тооцох, буцаан олгохтой холбогдсон татварын харилцаа тус бүрийн хэрэгжилтийн түвшинг тодорхойлж, хэрэгжилт хангагдахгүй шалтгаан нь хууль тогтоомжийн хийдэл, давхардал, зөрчилтэй зохицуулалтаас уу, эсвэл татвар төлөгч болон татварын алба хооронд хэрэгжүүлэлтэд гарч байгаа зөрүүтэй ойлголтоос үүдэлтэй эсэхийг тодорхойлж, шийдвэрлэх замаар хуулийн хэрэгжилтийг сайжруулна.
-Татвар төлөгчдийн хууль эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг олон нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй болгох чиглэлээр ямар ажилхийх вэ?
-Бид өнгөрсөн хугацаанд нийгмийн сүлжээгээр дамжуулан татварын хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлэх, шинээр болон нэмэлт, өөрчлөлт орсон хууль тогтоомжийг таниулах, татвар төлөгчийг хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх болон татварын зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цахим зөвлөгөөнүүдийг “Татварын албаны хуульч зөвлөж байна” контентоор бэлтгэн түгээж ажилласан. Цаашид татварын хууль тогтоомжийг сурталчлан цахим орчинд зөвлөхөөс гадна, татварын хууль тогтоомжийг сайн дураар даган мөрдөөгүй татвар төлөгчийн шалтгааныг тодорхойлон, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн, хууль даган мөрдөлтийн түвшинг ахиулах замаар хуулийн хэрэгжилтийг хангуулахыг зорьж ажиллана.
-2025 онд татварын хууль эрх зүйн орчинд ямар шинэчлэлүүд хийгдэх төлөвтэй байна вэ?
-Татварын багц хуулийн шинэчилсэн найруулга 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш даруй 5 жилийн хугацаа өнгөрсөн байна. Татварын хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах явцад нэлээд тулгамдсан хүндрэл бэрхшээлтэй асуудал гарч, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хэрэгжилтийг сайжруулах зайлшгүй шаардлага тавигдаж байгаа.
Энэ удаагийн татварын шинэчлэлийн гол онцлог нь хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнес эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх болон татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээ, шаардлага, санал, хүсэлтэд тулгуурлах чиглэлийг баримталсан. Олон нийтээс ирүүлсэн дийлэнх саналуудыг хүлээн авч, хуулийн төслүүдэд тусган боловсруулж ажиллаж байгаа бөгөөд хуулийн шинэчлэл хэрэгжсэнээр татварын эрх зүйн таатай орчин бүрдэж, эдийн засаг хөгжих хэрээр татварын суурь нэмэгдэнэ гэж харж байна.
Мөн татварын алба нь Татварын ерөнхий хуульд заасан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт, сурталчилгаа явуулах үндсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэхийг нарийвчлан тодорхойлж, хуулийн төсөлд “татварын албаны зөвлөн туслах үйлчилгээ” гэж хуульчлахаар тусгасан нь татвар төлөгчид ээлтэй, хууль даган мөрдөлт зохих түвшинд хангагдах давуу талтай зохицуулалт болно гэж үзэж байгаа.









