Б.Батхуяг: Өвчин намдаах эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн 13 хүүхэд нас барж, 40 хүүхэд гараа тайруулсан
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны нэгдүгээр улирлын хэмжээнд их хэмжээний мансууруулах бодис хурааж авсан, устгал хийсэн хэргүүдийн талаар мэдээлэл хийж байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга Б.Батхуяг "Монгол Улсын гадны иргэнтэй хамтран гадаад улсаас мансууруулах үйлчилгээтэй синтетик төрлийн бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, бусдад худалдан борлуулж байна гэсэн мэдээллийн дагуу шалгаж, гэмт этгээдийг дайчлан баривчилсан.
Шалгахад 510 гр мансууруулах үйлчилгээтэй, НҮБ-ын 1971 оны конвенцын хоёрдугаар заалтад багтсан 2500 хүнийг нэг удаа мансууруулах хэмжээний бодисыг хурааж авсан.
Мөн Монгол Улсын 4 иргэн Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-аас их хэмжээний мансууруулах үйлчилгээтэй эмийг хууль бусаар хилээр нэвтрүүлснийг Улаанбаатар хотод баривчилсан. Уг дөрвөн этгээдээс гуравт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, нэг этгээдийг хязгаарлах арга хэмжээ аваад байна. Уг бодис нь сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй метам, метамфетамины төрлийн бодис байсан. Уг этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.
Уг эм нь эмчийн энгийн жороор олгогддог. Хүүхэд залуус мансуурах зорилгоор эмнэлгийн бус нөхцөлд урвуулан хэрэглэдэг. Өвчин намдаах үйлчилгээтэй хоногт нэг ширхэг уудаг эмийг 5-10 ширхгээр тарианы устай найруулж судсаар тарьж хэрэглэдэг байна. Ингэхдээ судасны гадуур тарих болон судас бөглөрөх шалтгаанаар эрүүл мэндэд нь хохирол учирдаг. 2022 оноос эхлэн энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 13 өсвөр насны хүүхэд нас барсан. 40 гаран хүүхэд гар хуруугаа тайруулсан.
Ийм хор хөнөөлтэй эм бэлдмэлийг хууль бусаар борлуулахыг завдсан этгээдүүдийг баривчлаад байна.
Зүү тариур жортой олгодог болсноос хойш иргэд ашиг олох зорилгоор хууль бусаар зарж байгаа нь таслан зогсоохгүй байна. Нэг зүү тариурыг олуулаа дамжуулан хэрэглэх тохиолдол гарч байгаа нь халдварт өвчин тусах эрсдэлтэй байна.
Хамгийн бага нь 13 настай хүүхэд хар тамхи хэрэглэсэн тохиолдол бүртгэгдсэн. Эцэг эх асран хамгаалагч нар хүүхдийнхээ хөл, гарын судсыг ажиглаж байх шаардлагатай.
69 хүүхэд хар тамхитай холбоотой хэргээр хуулийн хариуцлага хүлээсэн " гэв.









