Д.Оюунболд: Төлбөр авах цэгийн автомат хаалт нь төлбөрийн үлдэгдлээс хамааран нээгддэггүй байх, төлбөрийг газар дээр нь төлүүлэх систем бэлэн болсон

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор орон нутагт үүсээд буй асуудал, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд " Урин дулааны улирал эхэлж, цаг агаар дулаарч газрын хөрс, замын далангийн өнгөн хэсэг гэсэж буйтай холбоотойгоор авто замд ус чийг ихээр хуримтлагдаж, ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт их хэмжээгээр буурдаг. Жил бүрийн 3-4 сар хүртэл, 10-11 сар хүртэл хөлдөлт гэсэлтийн үе тохиодог. Иймд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дотоодын болон олон улсын стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

Энэ хугацаанд даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг түр буюу нэг сарын хугацаанд хориглох шийдвэр гарсан. Хяналт шалгалтын хувьд улсын хэмжээнд нийт төлбөр авах 33 цэгт 4-5 байгууллагын хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж буй.

Тус цэгүүдэд төлбөр төвлөрүүлэхээс гадна автомашины жин тонныг хэмжиж, зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу 44 тонноос хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоох, зөрчлийг арилгуулах, холбогдох төлбөр хураамжийг хурааж байгаа.

Өнөөдөр Улаанбаатар-Төв аймгийн чиглэлийн автозам дээр байгаа төлбөр хураах цэг дээр үүсээд буй том оврын автомашины бөөгнөрөлтэй холбоотой мэдээллийг Салбар хяналтын газраас мэдээлэл өгнө." гэв.

Мөн тэрбээр, "Авто зам ашигласны төлбөрийн 50 хувь нь төлөгддөггүй. Төлбөр авах цэгийн автомат хаалт нь төлбөрийн үлдэгдлээс хамааран нээгддэггүй байх, төлбөрийг газар дээр нь төлүүлэх систем бэлэн болсон" гэв.

"Авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар төлөвлөж байна"

Зам, тээврийн яамны Салбарын хяналтын газрын дарга М.Энхболд: Энэ үед даац хэтрүүлэн тээвэр хийснээр зорчих хэсгийн хучилтад нүхэн эвдрэл, торон хагарлууд их хэмжээгээр нэмэгддэг. Эвдрэл гэмтлээс үүдэж, иргэд аюулгүй, ая тухтай зорчих боломжгүй болж, осол гарах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал алдагдах, эвдрэх аюултай. Ер нь авто замын эвдрэл, гэмтэлд даац хэтрэлт хамгийн их нөлөөлдөг. Бид өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ны өдөр шатахуун тээвэрлэгчидтэй мөн уулзсан. Уулзалтын үеэр Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын талаар мэдээлэл өгч, ойлголцолд хүрсэн. Манай улсад автозамын даацын хяналтыг MNS 4598:2025 буюу “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-аар зохицуулдаг. Үүнд нэг тэнхлэг дээрх жин 11 тонн, нийт жин 44 тонноор тодорхойлсон байдаг.

Энэхүү стандарт нь зөвхөн манай улсын стандарт бус олон улсад ч дагаж мөрддөг стандарт юм. Уг 44 тоннын стандарт 2002 оноос хойш мөрдөгдөж байгаа. Энэ хугацаанд цөөнгүй удаа шинэчлэгдэж, батлагдсан ч мэргэжилтнүүд, хувийн хэвшлийхэнтэй зөвшилцсөний эцэст баталдаг. Уг стандартыг зөрчсөн тохиолдолд юу юугүй торгоод байдаггүй. Юуны өмнө зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг, дараа нь албан шаардлага хүргүүлдэг, эцэст нь торгуулийн арга хэмжээ болон үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авдаг. Энэ оны эхний улирлын байдлаар автотээврийн чиглэлээр 404 зөрчлийг илрүүлсэн. 380 зөрчилд сануулах арга хэмжээ, үлдсэнд нь албан шаардлага хүргүүлсэн. Төлбөрийн хэмжээ эхний улиралд 4 сая 900 мянга орчим төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашлаад авто зам, замын байгууламжийг эвдэж, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662659
0 эможи

keyboard_arrow_up