Гаагийн шүүхийн Давж заалдах шатны танхимын Ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ
Олон Улсын Эрүүгийн Шүүх /ГААГ/-ийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн тус шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
ОУЭШ-ийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар Танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхийн саналаар сонгодог бөгөөд танхимийн шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна.
Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь ОУЭШ-ийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд, 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2025-2026 онд тус танхимын Ерөнхийлөгчөөр ажиллах болжээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь 5 шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.
Шүүгч Дамдингийн Эрдэнэбалсүрэн гэж хэн бэ
Шүүгч Дамдингийн Эрдэнэбалсүрэн нь эрүүгийн эрх зүйн салбарт ажилласан 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд шүүгч, прокурор, эрүүгийн хэргийн өмгөөлөгч зэрэг албан тушаалыг хашиж байжээ.
Олон Улсын Эрүүгийн Шүүхэд орохоосоо өмнө тэрээр Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр 12 гаруй жил ажилласан. Ажиллах хугацаандаа хүн амины хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгахтай холбоотой хэргүүдийг шийдвэрлэж байв.
Тэрээр Монгол Улсын Прокурорын байгууллагад олон жил удирдах албан тушаал хашиж, орон нутгийн прокуророос эхлээд Улсын Ерөнхий Прокурорын газарт Ахлах ерөнхий прокуророор ажиллаж байв. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг өмгөөлж, 10 гаруй жил хуульчаар ажилласан туршлагатай юм.
Шүүгч Эрдэнэбалсүрэн нь хуульчаар ажиллахынхаа хажуугаар Монгол Улсын Эрүүгийн шүүхийн тогтолцоог сайжруулах хууль тогтоомжийн шинэчлэлд мэргэжлийн зөвлөгөө өгч, эрх зүйн шинэтгэлийн үйл явцад чухал хувь нэмэр оруулсан.
Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, хууль дээдлэх ёсны чиглэлээр олон жилийн турш шүүгч, хуульчдад сургалт зохион байгуулж, багшилсан байдаг. Тэрээр эрх зүйн боловсролоо Иркутскийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетэд эзэмшиж, эрх зүйн бакалавр болон магистрын зэрэг хамгаалжээ. Шүүгч Эрдэнэбалсүрэн нь Монголын Хуульчдын Холбооны гишүүн юм.









