9 сартай жирэмсэн эмэгтэйг гудамжид дээрэмдэж, биед нь халдсан ХЭРЭГ гарчээ
Цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллээс 9 сартай жирэмсэн эмэгтэйг гудамжид дээрэмдэж, биед нь халдсан хэрэг гарчээ.
Энэ талаар "Хохирогчийн хэлж байгаагаар, хэд хоногийн өмнө 20:00 цагийн үед гэр рүүгээ орох гэж яваад хоёр эмэгтэйд дээрэмдүүлсэн. Гэртээ байсан хоёр хүүхэдтэйгээ видео дуудлага хийгээд утсаар ярьж явлаа. Тэгсэн гэнэт огт танихгүй хоёр согтуу эмэгтэй гарч ирээд гудамжид явж байхад минь үсдэж аваад учир зүггүй зодож, утас болон байсан эд зүйлийг минь аваад явсан. Би есөн сартай жирэмсэн учир удаан явж байсан. Урдаас хүн ирж явааг ч анзаараагүй. Яах аа мэдэхгүй уйлж сууснаа, ойрхон байдаг таньдаг эгчдээ очоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд тэр хоёр эмэгтэйг барьсан. Тиймээс орой үдшийн цагаар хүүхдүүд, эмэгтэйчүүд анхаарал болгоомжтой яваарай гэж сануулмаар байна" гэжээ.
Бусдын биед халдаж, эд зүйлийг дээрэмдсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж байгаа аж.









