Авлигын эсрэг стандартын олон улсын сургалтыг МОНГОЛ УЛС зохион байгуулна
Олон Улсын Стандартчиллын байгууллагаас Авлигын эсрэг ISO 37001 стандартыг энэ оны 03 дугаар сард шинэчлэн баталсан. Шинэчлэн батлагдсан энэхүү Авлигын эсрэг стандартын Олон улсын анхны сургалтыг Монгол Улс зохион байгуулахаар эрхийг нь авлаа. Сургалтын талаарх мэдээлэл Ази, номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /APAC/-ын албан ёсны сайтад байршжээ.
Авлигын эсрэг стандартын Олон улсын сургалтыг Үндэсний Итгэмжлэлийн төв, Авлигатай тэмцэх газар, Стандарт, хэмжил зүйн газар болон бусад холбогдох байгууллагууд ирэх 09 дүгээр сарын 16-18-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.
Ийнхүү тус Олон улсын сургалтад хамрагдахаар дэлхийн улс орнуудын холбогдох албаны хүмүүс Монгол Улсыг зорих болсон тухай мэдээлэл олон улсад цацагдаж эхлээд байна.
ISO 37001 стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй цаашлаад бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.
Төрийн ажил үйлчилгээний чанар хүртээмж, үр дүнд үргэлж сөргөөр нөлөөлж байдаг авлига, хээл хахууль, хүнд суртлын асуудлыг бид Стандартаар шийдвэрлэх боломжтой юм.









