Баянхонгорт хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж 51 настай эмэгтэй дарагджээ
Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай болохыг сэрэмжлүүлж буй. Өчигдөр шороон шуурганы улмаас Өмнөговь аймагт айлын хашаа болон айлын дээвэр нурсан бол Баянхонгор аймгийн Баянговь сумын нутаг, Өргөн багт иргэн Г-ийн дөрвөн ханатай гэр шороон шуурганы улмаас нурж дотор нь 51 настай эмэгтэй дарагдсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл өдрийн 13:12 цагт бүртгэгдэж, онцгой байдлын албан хаагчид гэртээ дарагдсан иргэнийг эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж.
Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багт байшингийн дээврийн хэсэг нурсан тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Онцгой байдлын албан хаагчдыг очиход дөрвөн айлын нийтийн байрны дээврийн хэсэг хуурч унасан байсныг аюулгүй болгож, аймгийн цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.









