С.Тайван: Гадаад улсаас мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан гэх “Торгоны зам” зэрэг 3 бүлэглэлийн 79 хүнийг шалгаж байна

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

“Ноорог” медиагийн ажилтан А.О-ын ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн мэдээлэлтэй холбогдуулан НЦУГ-аас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван  "Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн гэмт хэрэг ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтайгаар үйлдэгддэг.

Цагдаагийн байгууллагаас сүүлийн 4 жилд мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой нийт 1360 хэрэг бүртгэлтийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 356 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Үүнээс 299 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагаас өнөөдрийн байдлаар зохион байгууллалттай гэмт бүлэгтэй холбоотой “Хар тамхи”, “Эдийн засаг”, “Хулгайлах”, “Залилах”, “Хүн худалдаалах” гэх мэт гэмт хэргүүдийг шалгаж байгаа бөгөөд энэхүү хурлаар та бүхэнд зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан зарим гэмт хэргийн талаар  танилцуулъя. 

Тухайлбал,

  • Гадаад улсаас мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Монгол Улсын иргэн “Э” нарын  35 хүн холбогдсон бүлэг,
  • “Г” нарын 26 хүн холбогдсон бүлэг,
  • “Б” нарын 18 хүн холбогдсон “Торгоны зам” гэх мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг тус тус шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь зайнаас буюу цахим орчинд, газар зүйн байршил, хил хязгаар, өдөр, шөнө хамаарахгүй, богино хугацаанд үйлдэгдэж, олон тооны иргэдийг хохироож байдгаараа бусад төрлийн гэмт хэргүүдээс онцлогтой байдаг.

Тухайлбал, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлддэг, зохион байгуулдаг зарим этгээдүүд нь гадаад улсаас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, үүний хохирогч нь Монгол өрх, айл, гэр бүл, иргэд байдаг.  

Улмаар үүнтэй холбоотой гэр бүл салж, хүүхэд өнчирч хоцрох, санхүүгийн хямралд өртөх, амиа хорлох зэрэг харамсалтай нөхцөл байдалд хүргэдэг гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх." гэв.

Мөн тэрбээр, "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд Зохион байгуулалттай гэмт бүлэг гэж “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ гэж хуульчилсан.

Олон улсын гэрээ, конвенц: 2000 онд НҮБ-ээс баталсан Палермогийн гэрээнд

Зохион байгуулалттай гэмт бүлгийн олон улсын нийтлэг шинж:

  • Үйл ажиллагаа нь далд буюу нууц байдалд явагддаг, гэмт үйл ажиллагаа нь нэгдсэн тодорхой системчлэгдсэн байдаг.
  • Зохион байгуулагч буюу удирдагч нь энгийн амьдралд томоохон пүүс компаний захирал, бизнэсмэн дүр төрхөөр халхавчилсан байдаг.
  • Зохион байгуулалттай бүлгийн тогтвортой байдлаа хангахын тулд хууль сахиулах байгууллага руу чиглэсэн сөрөг довтолгоог байнга идэвхтэй хэрэгжүүлдэг.
  • Гэмт бүлэглэл ямар ч тохиолдол хууль сахиулах байгууллагаас мэргэжлийн ажилтан, алба хаагчдыг урвуулах, хөрөнгө мөнгөөр сүрдүүлж шантаажлах хэв маягтай байдаг.
  • Хууль бусаар олсон орлогоо бүх төрлийн мөнгө угаах боломжтой салбар луу шингээдэг, оффшор бүсэд үл хөдлөх хөрөнгө худалдан авах, криптовальют, хар тамхины наймаа руу шингээх нийтлэг аргатай.

Өчигдөр цахим хуудаст мэдээлэл хийсэн иргэний төрсөн хоёр дүү О,Б нар шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд энэхүү мэдээлэл өнөөдөр яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй.

Саатуулагдсан иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг үүсгэх зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Эрүүгийн хуульд гэмт бүлэг байгуулах гэдэг зүйл анги бий.

Энэ зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.8.1 дүгээр зүйлд зааснаар зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэж гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав ба түүнээс дээш олон хүний тогтвортой нэгдлийг хэлнэ хэмээн хуульд зааж өгсөн.

Цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш "Торгоны зам" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоомтой холбоотой 11 иргэний 20 дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоон ажилласан.    

Сошиалд мэдээлэл хийсэн А.Баяржаргал гэх этгээдийн мэдээлэлд дурдсан цагдаагийн алба хаагч Б гэх хүний тухайд 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн. Тухайн этгээдийг саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна." гэв.

"Иргэн А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн. Хэрэв цагдаагийн алба хаагч холбоотой нь тогтоогдвол алба хаагчийг өмгөөлөх, хамгаалах зүйл огт байхгүй"

Arslan.mn

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул "Адъяабазар Баяржавхлан нэртэй цахим хаягнаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган, алба хаагчтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Эхний ээлжид богино хугацаанд бид өөрт байгаа нотлох баримтын хүрээнд тухайн иргэний мэдээлэлд өгсөн цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн дүрс бичлэг байсан. Тус мэдээллийг нягталж үзэхэд 2024 оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас хянамгай гэдэг ажил, арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр манай алба хаагчийн өгсөн мэдээллийг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Олон нийтийн цахим сүлжээнд иргэн А.Баяржавхлангаас нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын дотоод хяналт аюулгүй байдлын газраас албаны шалгалтыг явуулж байна. Хэрэв энэ асуудалд цагдаагийн алба хаагч холбоотой нь тогтоогдвол бид тухайн алба хаагчийг өмгөөлөх, хамгаалах зүйл огт байхгүй. Харин албанаас халж, холбогдох мөрдөх байгууллагаар шалгуулна. 

Тухайн иргэний мэдээлэл нь худал, алба хаагч, байгууллагын нэр хүндэд халдсан бол алба хаагчийнхаа хууль ёсны эрх ашгийг хамгаална. 

Цахим хуудаст мэдээлэл өгсөн иргэний дурдсан видео бичлэг нь хэвлэлийн бага хурлын үеийн дүрс байсан нь тогтоогдсон. Үүнийг цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн мэдээлэл мэтээр тайлбарласан байсан.

Аль ч үйл явц процесс хугацаа шаардана. Дотоод хяналт шалгалт ч мөн хугацаа шаардана. Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учир бид холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад хяналт шалгалт хийх ажлаа хэрэгжүүлээд эхэлсэн.

Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно." гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662322
1 эможи

keyboard_arrow_up