Монгол Улс олон улсын татварын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа

2025 оны 3 сарын 12

Arslan.mnМонгол Улсын Засгийн газар олон улсын татварын шинэлэг зарчмыг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж ирсэн билээ. Энэ хүрээнд  2018 онд Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Глобад форум (Global Forum on Transparency and Exchange of Information for Tax Purposes) болон BEPS хөтөлбөр (Inclusive Framework on BEPS)-ийн гишүүн болсон.

Энэ хүрээнд Монгол Улс 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Франц Улсын Парис хот дахь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын төв байранд “Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CRS MCAA) болон “Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CbCR MCAA)-т гарын үсэг зурав. Энэ нь олон улсын татварын стандартыг хэрэгжүүлэх, шударга татварын тогтолцоог бүрдүүлэх чиглэлд хийж буй чухал алхам юм.

“Санхүүгийн дансны мэдээллийг автоматаар харилцан солилцох олон талт эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CRS MCAA) нь татвар төлөлтөөс зайлсхийх явдлыг таслан зогсоох, татварын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү хэлэлцээрт нэгдсэнээр Монгол Улс бусад улс орнуудтай банкны данс, санхүүгийн хөрөнгийн талаарх мэдээллийг солилцох бүрэн боломжтой болж байна.


“Улс бүрээр тайлан солилцох эрх бүхий этгээд хоорондын олон талт хэлэлцээр” (CbCR MCAA) нь үндэстэн дамнасан корпорацууд нь үйл ажиллагаа явуулж буй улс бүртээ татварын тайлан гаргаж,  татварын байгууллагууд хооронд харилцан тайлан солилцох боломжийг олгодог. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа үндэстэн дамнасан группийн үйл ажиллагааг ил тод байлгах, тэдгээрийг татвараас зайлсхийхээс сэргийлэх юм.

Олон улсын татварын хамтын ажиллагааны хүрээнд дээрх хэлэлцээрүүдэд гарын үсэг зурснаар Монгол Улс олон улсын татварын стандартын хүрээнд татварын зорилгоор харилцан мэдээлэл солилцох, татварын орлогоо хамгаалах, шударга татварын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр томоохон амжилт гаргаж байгаа юм.

Эдгээр чухал ажлуудад үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хамтрагч Д.Буяндэлгэр агсны хөдөлмөр, хичээл зүтгэлийг гүнээ хүндэтгэн дурсан санаж байна. Түүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл Монгол Улсын олон улсын татварын хамтын ажиллагаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, бидний хамтын зорилгод чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662132
0 эможи

keyboard_arrow_up