Э.АНХБАЯР: Он гарсаар “менингококкт“ халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
Менингококкт халдварын 1 тохиолдол 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар 2 дахь тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраас тодруулахад "Он гарсаар менингококкт халдварын хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал тогтвортой. Эмнэлгийн үйлчилгээг авч байна. Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг боловч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас сэргийлэх талаар өгч буй мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг мөрдөж, халдварын шинж тэмдэг илэрвэл нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна." хэмээлээ.
Мөн тэрээр "Менингококкт халдвар нь амьсгалын замын халдварт өвчин учраас бусад амьсгалын замын халдварт өвчнүүдийн адил урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэглэнэ. Үүнд:
- Гараа тогтмол угаах, хувийн ариун цэврийг сахих
- Өрөө, тасалгааг агааржуулах, чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийх
- Бага насны хүүхдүүдийг нэн шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, олон хүн цугларсан газраар явахдаа амны хаалт зүүх
- Хоолой, амны хөндийг сод, царвангийн зэрэг уусмалаар зайлах
- Улиралд тохируулан дулаан хувцаслах
- Биеийн дархлааг сайжруулж витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх
- Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй." хэмээсэн юм.
Тодруулах, лавлах зүйл байвал 100, 80086929 утсанд хандана уу.
Э.АНХБАЯР:









