Айл бүрээс сар бүр татаас авдаг МҮОНТВ үндэсний баярын нэвтрүүлгээ нэг аймгаас 9 сая төгрөг авч хийх нь зохимжтой юу?
Сар шинийн баяраар МҮОНТВ-ээр аймаг бүрийн төлөөллийг оролцуулсан “Монгол түмний мэнд” нэвтрүүлэг гардаг. Уг нэвтрүүлгийн нэг дугаар нь есөн сая төгрөгийн төлбөртэй байдгийг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун илчилж, “Бусад телевизүүдээр үнэ төлбөргүй нэвтрүүлгүүд гарч байхад, заавал төлбөртэй мэндчилгээгээр яах вэ хө. Сувгаа солиод мөнгөө хэмнэхэд л болчихно. Тиймээс манай аймгийнхан уг нэвтрүүлэгт ороогүй” хэмээлээ.
Өөрөөр хэлбэл, сар бүр айл өрх бүрээс татаас авдаг МҮОНТВ үндэсний баяр наадмаар нэвтрүүлэг хийхдээ төлбөр авч байгаа нь хэр зохимжтой вэ гэх агуулга иргэдийн дунд яригдаж байна.
С.Мөнхчулуун Засаг даргын тухайд “Манай аймгийн зарим иргэд Үндэсний ТВ-ийн Монгол Түмний мэнд нэвтрүүлэгт Дундговь аймаг маань орж уу гэж харсан бололтой. Тус нэвтрүүлэгт орох төлбөр нь 9 сая төгрөг, дээр нь нэмээд гарах замын зардал болон бусад зардал дор хаяж 5-6 сая, нийт 15 сая төгрөг төлснөөс үнэ төлбөргүй нэвтрүүлэг хийгээд өгөх ТВ8, ТВ9 сувгуудаар аймаг маань орж мэндчилгээ хүргэе гэж шийдсэн юм шүү. Түүний өмнө 21 аймгийн Засаг дарга нараас тодруулахад 10 гаруй аймаг орохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ жилийн сар шинээр ТВ5 телевизийн Малчны баяр нэвтрүүлгийн хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч маань Сайнцагаан сумын малчин Жаргалсайханыд зочилж, Малчин ТВ Дэлгэрцогт сумын малчны хотноос Сар шинийн нэвтрүүлэг хийж, ЕТВ Баянжаргалан суманд Реалити шоу хийсэн гээд олон олон үнэ төлбөргүй нэвтрүүлгүүд хийсэн” гэлээ.









