Сар шинийн барилдаан гурвын даваагаар үргэлжилнэ

2025 оны 2 сарын 28

Arslan.mn

Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин модон могой жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа өчигдөр боллоо.

Тус барилдаанд улсын цолтой 68 бөх зодоглосноос нэгийн даваанд 14, хоёрын даваанд 14 нь тахим өгөв. Ингэснээр гурвын даваанд улсын цолтой 38, аймаг, цэргийн цолтой 26 бөх шалгарч үлджээ. Энэ даваанд Булган аймгаас хамгийн олон буюу 13 бөх шалгарч үлдсэн бол Увсаас долоо, Ховд, Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий, Хэнтийгээс тус бүр дөрөв, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Архангайгаас тус бүр гурав, Дорнод, Өмнөговиос тус бүр хоёр, Говьсүмбэр, Дундговиос тус бүр нэг бөх үлдсэн байна.

Бөх сонирхогчдоос дээгүүр даваанд барилдана хэмээн тааварлаж байсан улсын аварга П.Бүрэнтөгс, харцага Б.Зоригтбаатар, Б.Цэдэнсодном, начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, О.Наранбаатар, У.Батцоож нар нэг, хоёрын даваанд өвдөг шороодсон нь өчигдрийн гол шуугиан байлаа.

Гурвын давааны барилдаан 13:00 цагт эхэлнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662003
0 эможи

keyboard_arrow_up