Жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад ₮39 саяын торгууль ногдуулжээ

2025 оны 2 сарын 27

Arslan.mn

Улсын ерөнхий прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг замын хяналтын камер, тоног төхөөрөмжөөр илрүүлсэн, тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчид шийтгэл оногдуулсан шийдвэрийн биелэлтийг судалжээ.   

Зөрчлийн тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглан энэ хуулийн Арван дөрөвдүгээр бүлэгт заасан зөрчил үйлдсэн нь автомат ажиллагаатай зураг-дүрс бичлэгийн техник, хэрэгслээр бэхжүүлэгдсэн бол тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид энэ хуульд заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.

Тодруулбал, банк бус санхүүгийн байгууллагын зээлээр тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд зээлийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор тээврийн хэрэгслийн эзэмшигчээр тухайн банк бус санхүүгийн байгууллага нь Авто тээврийн үндэсний төвд бүртгэгддэгээс шалтгаалан тээврийн хэрэгслийн жолоочийн гаргасан зөрчилд банк бус санхүүгийн байгууллагад шийтгэл оногдуулдаг байна. Судалгаагаар Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш жолооч зөрчил үйлдсэний улмаас 335 банк бус санхүүгийн байгууллагад 17664 удаагийн 439.738.000 төгрөгийн,  98 мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид 13515 удаагийн 327.654.000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг хангуулах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран банк бус санхүүгийн байгууллага, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, учирч буй хүндрэл, нөхцөл байдлын талаар ярилцан санал солилцлоо.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661998
0 эможи

иргэн
2025-02-28 10:44
Ченжүүд банк бусыг удирдаад байх болжээ. Түгжирч зовж байхад тэд инээж байдаг хайран доллар гадагшилж дууслаа
keyboard_arrow_up