Б.Очирбат: Шинийн 2-нд золгодоггүй гэх ойлголт байхгүй. Тиймээс ЗОЛГОНО, МӨР ЗҮГЭЭ гаргана
МБШТ Гандантэгчэнлин хийдээс цагаан сарыг тохиолдуулан айлдах хурал номын талаар мэдээлэл өглөө.
Гандантэгчэнлин хийдийн зурхайч, гэвш Ч.Очирбат "Шинийн 2-нд золгодоггүй гэх ойлголт байхгүй. Өмнө нь шинийн 1-ндээ зүг, мөрөө гаргаж, золгодог байсан тэр ёсоороо шинэлнэ.
Шороон үхрийн шинжээр жилийн өнгийг харвал могой жил залууст ээлтэй, нялхаст дунд, өвгөдөд биеэ эрхлүүштэй гэж гарч байна.
Далд утгандаа залуус гэдэг нь төрийн дунд шатны албан хаагчид, нялхас гэдэг нь эгэл ард, өвгөд гэхээр төрийн өндөр албан тушаалтнуудыг заадаг. Мөн шороон үхэрт улаан, хөх, ногоон өнгө дийлэнх бий. Ногоон толгойтой, эвэр, сүүл, чих нь хөх улаан өнгөтэй. Тэгэхээр улирал бүрийн дундуур бороо хур татранги байхаар буй .
Энэ жил гахай жилтэн харш, бар, бич жилтэн бага харш таарна. Мөн мэнгэний, гүймгийн гэхчилэн заслын олон төрөл бий.
Могой жилд 33-ны мөчлөг таарах эмэгтэй хүн усан дээр, эрэгтэй хүн гал дээр сууна. 33-ны мөчлөгт ясан болон суудлын махбодын гүймэг орж ирдэг. Заслаа энэ хоёр гүймгийг голлож хийлгэх ёстой. Харин жил орж буй эрэгтэй хүн урьдчилж заслаа хийлгэдэг" гэв.









