МУИС болон Гандантэгчэнлин хийд Шашин судлалын чиглэлээр хамтарч ажиллана
Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монгол Улсын Их Сургуультай (МУИС) хамтран “Бурханы шашин болон шинжлэх ухаан” төслийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь шашны мэдлэг ухааныг орчин үеийн шинжлэх ухааны үүднээс судлах, шинжлэх ухаан, гүн ухаан, шашин соёлын огтлолцлыг тодорхойлох чухал алхам болж байна.
Тус хамтын ажиллагаа нь бурханы шашны сургаалийг шинжлэх ухааны арга зүйгээр судлах, нийгэмд боловсрол, ёс зүй, сэтгэл зүйн талаас эерэг нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн уламжлалт шашин, орчин үеийн судалгааны аргачлалыг хослуулан, хүний сэтгэл зүй, ёс суртахууны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах өргөн боломжийг бий болгох юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад шинжлэх ухаан, шашны ойлголцлыг гүнзгийрүүлж, соён гэгээрүүлэх үйлсийг нэг шат ахиулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.









