Ипотекийн зээлийн үлдэгдэл I сарын байдлаар ₮9.5 их наяд байна
Ипотекийн зээлийн үлдэгдэл энэ оны нэгдүгээр сарын байдлаар 9.5 их наяд төгрөг байгааг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 18.9 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Тайлант хугацаанд нийт 1,283 хүн шинээр ипотекийн зээлд хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үетэй ойролцоо байгаа юм.
Нийт зээлийн 20 хувийг орон сууцны ипотекийн санхүүжилтээр олгосон бол 34.7 хувийг арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгожээ. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд шилжсэн зээлийн хэмжээг өмнөх оны нэгдүгээр сартай харьцуулахад 26.3 хувиар нэмэгдэж, 1 тэрбум төгрөг давсан байна.
Ипотекийн зээлийн хүү хамгийн ихдээ 14 хувь байх журам батлагдсан талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Тухайн иргэний ипотекийн зээлээр авах орон сууц нь хотын төвд байршилтай бол зээлийн хүү өндөр буюу 14 хувь хүртэл, харин хотын зах руу байх тусмаа хүү буурч, 6 хувь хүртэл байхаар тооцож, журмыг боловсруулсан байна. Тус журмыг арилжааны банкнуудад хүргүүлсэн бөгөөд одоогоор судалж байгаа аж. Үүнээс гадна амины орон сууцанд ипотекийн зээл олгох боломжийг судалж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцолсон.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг санхүүжүүлэх бодлого энэ онд ч мөн үргэлжлэхээр байна.









