“Сар шинэ“ нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт 4,097 зөрчил илрүүлжээ
Монголын уламжлалт “Сар шинийн баяр” болох гэж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоо хоногт явган эргүүлийн 1301 чиглэлд 2700, авто эргүүлийн 1092 чиглэлд 2182 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж 19 гэмт хэрэг, 4097 зөрчлийг илрүүлэн ажиллажээ.
Өнгөрсөн жилүүдэд “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг гарч цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдсэн.
Гэмт этгээдүүд амар хялбар аргаар зарж болох мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хялбар борлуулагдахуйц эд зүйлсийг ихэвчлэн хулгайлдаг байна.
Иймд иргэд “Сар шинийн баяр”-ын олон хоногоор хөдөө явж гэр, орон сууцаа эзэнгүй олон хоног үлдээдэг бол та хаалга, цоожны бүрэн бүтэн байдлыг шалгаж, ойр дотнын хэн нэгэн сайтар захиж, монгол гэр, сууцны үүдний амбаар зэргийг ил цоожоор түгжихгүй байх зэргийг анхаарснаар хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.
Мөн зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, автобусны буудал, олон нийтийн газраар явах, үйлчлүүлэхдээ иргэд та бүхэн гар утас, хэтэвч зэрэг эд зүйлээ алдах эрсдэл их байдаг учир болгоомжтой байх. Архи согтууруулах ундааны зүйл худалдан авахдаа онлайн буюу цахим худалдаа хийхгүй байх, чанар стандартын акцтай эсэхийг шалгаж үзэн худалдан авалт хийх. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зочид, гийчиндээ согтууруулах ундаа өгөхөөс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.









