“ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ”-ийн гадаад харилцаа өргөжин тэлж байна

2025 оны 2 сарын 18

Arslan.mn

Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, гадаад худалдаа, хил дамнасан Итгэмжлэл, тохирлын үнэлгээний үр дүнг олон улс, бүс нутгийн хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы өгсөн чиглэлийн дагуу Үндэсний Итгэмжлэлийн төв төлөвлөгөө гарган, эрчимтэй ажилласны үр дүндманай улсын гадаад худалдааны ихэнх хувийг эзлэх БНХАУ, ОХУ, болон Узбекстан, Казахстан зэрэг улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллах санамж бичиг, хөтөлбөр, ажлын төлөвлөгөө гарган баталгаажуулснаас гадна Бүгд Найрамдах Турк улс, Бүгд Найрамдах Польш улс, Бүгд Найрамдах Чех улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улс, Бүгд Найрамдах Солонгос улс, Япон зэрэг улсуудын Итгэмжлэлийн байгууллагуудтай худалдаа, бизнесийн таатай орчин бүрдүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Манай улсын нийт гадаад худалдааны 70 орчим хувийг эзэлдэг БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллагa (CNAS)-тай тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурж, баталгаажуулсан.

ОХУ-ын Итгэмжлэлийн байгууллага (Rosaccreditation)-тай хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажиллах протоколд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо гарын үсэг зурлаа. Мөн Бүгд Найрамдах Узбекстан болон Бүгд Найрамдах Казахстан улсын Итгэмжлэлийн байгууллага (O’ZAKK болон NCA)-уудтай тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөөнд 2025 оны 02 дугаар сарын 07 болон 11 өдрүүдэд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Ийнхүү улс орнуудын ижил түвшний байгууллагуудтай хамтран ажилласнаар тохирлын үнэлгээ болон сорилт шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрч, хил дамнасан худалдаанд учирч болох техникийн саад тотгорыг багасгах, гадаад худалдаа, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, салбарын боловсон хүчнийг чадавхжуулах олон талын ач холбогдолтой билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661815
0 эможи

keyboard_arrow_up