Халхын голын дайны тоон үзүүлэлтүүд...
Халхын голын байлдаанд Квантуны армийн 75, 736 дугаар армийн дайчид оролцож, 8629 нь үрэгдэж, 9087 нь шархдсан гэж 1985 онд японы тал бичиж байв. Харин 2009 онд “Харьцангуй бага нутаг дэвсгэрт болсон энэ дайнд хоёр талаас 200 000-гаад цэрэг, их буу 500 гаруй, нисэх онгоц 900 гаруй, танк, хуягт тэрэг хэдэн мянгаараа оролцож, 60000 гаруй хүн үхэж, шархджээ гэж бичсэн байдаг. Японы түүхчид энэ дайныг “Японы хуурай замын цэргийн түүхэн дэх хамгийн том ялагдал” гэж нэрлэжээ. 18000 хүнээ алуулж, шархдуулж өвчнөөр үхүүлэн хохирсоноо Японы командлал 1939 оны 10 дугаар сарын 3-нд хүлээн зөвшөөрч байв.
Манайхны олзлон авсан зүйлүүд: их буу 190, винтов 9000 гэж хэвлэлд мэдээлсэн (хэрэг дээрээ 6184), гар буу 379, хүнд пулемёт 135, хөнгөн пулемёт 225, том калибрын пулемёт 5, нисэх онгоцны пулемёт 6, галаар шүршигч 189, миномёт 40, мортир 30, винтовны сум 2066961, гар гранат 5387, ачааны машин 79, хөнгөн машин 24, трактор 25, танк 12 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 9), хуягт машин 23 (хэвлэлд мэдээлснээр, хэрэг дээрээ 8), унасан нисэх онгоц 608 байв.
1939 оны 8 дугаар сард Японы 6 дугаар армийн бүрэлдэхүүнд 75000 гаруй дайчид байснаас 52000-55000 цэрэг, офицер жагсаалаас гарч, 25000 гаруй хүн амь эрсджээ. “Монголын талаас 237 хүн амь үрэгдсэн …” гэж 2010 онд нийтлэлч Баабарын нэгэн нийтлэлд тэмдэглэгдсэн бол 2013 онд “…хохирлын тухай шинэ баримтаар бол зөвлөлтийн хохирол 25655 болж, дээр нь монголын хохирол 556 хүнийг нэмбэл … хохирол японыхоос давж байгаа юм” гэж судлаач Р.Болд “Халхын голын байлдааныг АНУ-д судалсан нь” номондоо бичжээ.