Хууль бусаар хотон шувууны эд эрхтэн, чонын арьс, янгирын эвэр тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ
Энэ оны эхний 2 дугаар сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотыг тойрсон хяналт шалгалтаар нийт 59 үйлдлийг илрүүлснээс гэмт хэргийн шинжтэй 10, зөрчлийн шинжтэй 49 байна.
Тухайлбал: Хотон шувууны эд эрхтэн, тарвага, чонын арьс, эд эрхтэн, зээр, хойлог, янгирын эвэр, зохих зөвшөөрөлгүй загас тээвэрлэж явсан гэх мэт үйлдлийг илрүүлсэн..
Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд зааснаар “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, торгоно” гэж заасан байдаг.
Мөн дээрх амьтан барьсан, агнасан, тээвэрлэсэн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар “Амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэсний дагуу 820.0-880.0 мянган төгрөгний экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлдэг. Жишээлбэл тарвагыг эр эмээс нь хамаарч 410-440 мянган төгрөөр үнэлсэн байна.
Харин энэ үйлдлийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр үйлдсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Иймд ховор амьтан ургамлын зүйл тэдгээрийн гаралтай эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, тээвэрлэх, худалдан авахгүй байхыг иргэд олон нийтэд сэрэмжлүүлж байна.
Зэрлэг амьтны эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдан авахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна.









